Сэлэнгэ аймгийн Мандал сумын тариаланч Б.Анхтөр XVII жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон Гахай жилийн босгон дээр Монгол Улсын Аварга Тариаланчаар шалгарлаа. Түүний шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өглөө.
Б.Анхтөр уг нь ЗХУ-ын Техник мэргэжлийн сургуулийг төгсөж “Мебелийн нарийн мужаан” мэргэжлийг эзэмшсэн ч мэргэжлээрээ ажиллалгүй өрхийн тариалан эрхэлж өнөөг хүрчээ. “Төрж өссөн Сэлэнгэ нутгийнх нь газар шороо түүнийг ивээж, зөв замаар замнасны үрээр өнөөдөр ийнхүү төрдөө үнэлүүлжээ” хэмээн өгүүлсэн.
Тэрбээр тасралтгүй 27 жил өрхийн тариалан эрхлэхдээ өөрийн хөрөнгөөр ногооны талбайд худаг гарган ашиглаж жил бүр усалгаатай 5-8 га-д төмс тариалж 85-150 тн, 2-4 га талбайд эрт, дунд, оройн байцаа тариалж, жилдээ 80-150 тн байцаа хураан авч байна.
Импортыг орлох бүтээгдэхүүн болох эрт болон дунд, оройн байцааны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор ногоочдод “Үрслэг бойжуулах хөрсийг боловсруулах, хайрцаг бэлтгэх”, “Үрслэг бойжуулах холимог бэлтгэх, тарилт хийх”, “Үрсэлгээний тарилт, арчилгаа” зэргээр өөрийн дадлага туршлагыг бусаддаа түгээн дэлгэрүүлж, энэ чиглэлийн аргад 130 гаруй айл өрхийг сургаж дадлагажуулсан байна.
Жишээ нь ургамалд шаардлагатай тэжээлийн бодисыг ямар ч хөрс бүрэн хангаж чаддаггүй учраас байгалийн гаралтай бүрэн ялзарсан бууцаар талбайгаа бордоход хөрсний ялзмагийн хэмжээ нэмэгдэж ургац авах тогтвортой орчинг бий болгодог аж. Үүний үр дүнд бага талбайгаас өндөр тогтвортой ургац авах боломж бүрддэг болохыг нээн илрүүлж өрхийн тариаланчид ногоочдод түгээн дэлгэрүүлжээ.
Мөн намираа услалтын системийн давуу талыг сумынхаа өрхийн тариаланчдад сурталчлан дэлгэрүүлж, сүүлийн 3 жилд “Монгол ногоо” төслөөс үрийн шинэчлэл хийн өнгө амт чанараа алддаггүй, хадгалалт сайн даадаг “Харрикейн” сортын оройн байцааг 5-8 га талбайд тариалж байна.
Улсын аварга тариаланч Б.Анхтөр:
“Жилийн жилд өөрийн зоориндоо хураасан төмс, байцаагаа нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Эрт болон дунд ургацын байцааг хавар 3 дугаар сарын 10-15 ны хооронд үрийг тарьж, эртийн байцааны үрслэгийг 5 дугаар сарын 1-10 нд, дундын байцааны үрслэгийг 5 дугаар сарын 15-25 ны хооронд ил талбайд гаргадаг. Мөн оройн байцааны үрслэгийг 4 дүгээр сарын 1-10 ны хооронд тарьж, 6 дугаар сарын 1-10 ны хооронд ил талбайд тариалдаг. Одоо энэ зооринд байгаа төмс, байцаагаа цагаан сарын дараа хот руу нийлүүлнэ” хэмээн ярилаа.
Б.Анхтөр сүүлийн 5 жилд оройн байцааг түлхүү тариалжээ. 1000 тн багтаамжтай зооринд өөрийн ургацын 400 тн оройн байцааг 40-60 хоног нөөцлөн, 150 тн багтаамжтай энгийн зооринд 120 тн төмс, 4 төрлийн 30 тн хүнсний ногоог хадгалжээ.
Улсын аварга тариаланч Б.Анхтөр жилийн жилд сумынхаа 10 иргэнийг байнгын ажлын байраар, 15 иргэнийг түр ажлын байраар хангаж байна. Намрын ургац хураалтын ид ачааллын үеэр сумынхаа Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 90 гаруй сурагчдыг авч ажиллуулан, түр ажлын байраар хангадаг аж.