Нийслэл хотын хэмжээнд нийтийн тээврийн хэрэгсэл 1200 гаруй бүртгэлтэй байдгаас өдөрт 950 орчим автобус үйлчилгээ үзүүлдэг байна. Нийтийн тээврийн салбарын 30 хувийг төрийн өмчит хоёр компани эзэмшдэг бол үлдсэн 70 хувийг нь хувийн хэвшлийн 17 компани бүрдүүлж байна. Энэ салбарт 4000 гаруй хүн ажилладаг гэсэн мэдээ бий. Тухайн улсын үйлчилгээний байгууллагын нүүр царай болсон уг салбарыг өдрийн сурвалжлагатаа онцолж байна.
Мөнгөөр тасардаггүй төмөр хайрцаг
Өглөөний 09 цаг. Дарь-Эхийн шинэ буудлаас “Тоосгоны үйлдвэр 3,4-р хороолол чиглэлийн автобусанд суулаа. Автобус хүн ихтэй байна. Жолооч “Хойшоо яваарай” гэж шаардлага тавив. Дараагийн буудлаас бас л 10-аад хүн суув. Зорчигчдийн ихэнх нь “Ахмад настан, хүүхэд, оюутан, хөнгөлттэй зорчигч, баярлалаа” гэх мэтчилэнгээр өөр өөрсдийн картыг уншуулахын хажуугаар бэлэн мөнгөө тусгайлан зориулсан юм шиг төмөр хайрцагт хээв нэг хийчихээд хойш зүглэх, эсвэл жолооч руу мөнгөө жишим ч үгүй сарвайх иргэд олон харагдав. Жолооч, зорчигч хоёр хэн хэндээ өгч аваад хэдий нь сурчихжээ. Уг нь нийтийн тээврийн салбар ухаалаг, цахим систем рүү шилжээд хэдий нь жил гаруй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч иргэд нийтийн тээврээр ухаалаг үйлчлүүлэх системд одоо болтол суралцаагүй, хэвшээгүй байгаа нь эмзэглэмээр. Жолоочийн хажууд байрлах уг төхөөрөмжний үндсэн зориулалт нь ямар ч байсан мөнгө хийх зориулалттай биш гэдгийг тэд мэдэж байгаа. Гэсэн ч аль хэдий нь мөнгөө хийх хайрцаг мэтээр хараад дасчихаж. Суусан автобус хорооллын эцэс орчихоод эргээд Дарь-Эх рүү явлаа. Удахгүй 100 айл дээр зогсоно. Энэ хугацаанд 10 гаруй зорчигч бэлэн мөнгөөр зорчив. Тооцоод үзвэл багадаа 5000 төгрөг. Хамгийн гол нь энэ мөнгө хэний халаасанд ордог бол. Энэ үед хайрцагт байгаа мөнгөний зураг дарахтай зэрэгцэн “Юун зураг дараад байна” гэж хамгийн эхний суудал дээр сууж байсан эмэгтэй дургүйцэв. Тэрээр энэ автобусанд хянагч хийж байгаа гэнэ. Үнэндээ энэ мөчид гайхсанаа нуух юун. Энэ хүний ажил үүргийн хувиар нь юу юум бол, албан тушаалын тодорхойлолт нь ямар юм бол. “Хянагч” гэх нэрнээс нь харвал бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэдэд карттай болох шаардлага тавьж, зай завсрынхаа боломжоор хойш урагшаа болж үүдэнд багтахгүй байгаа хүмүүст автобусанд багтаж орох боломж олгодог баймаар. Гэтэл орж ирсэн цагаас минь хойш “Бүлх залгичихсан” юм шиг байснаа гэнэт л зураг дарах мөчид дуугарахаар чинь гайхав шүү дээ. Түүний нэрийг Х.Энхцэцэг гэнэ. Тэрээр хэлэхдээ “ Би өглөө найман цагаас 14 цаг хүртэл хяналт тавин ажиллаж байна. Бид зорчигчдыг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх шаардлага тавьдаг. Гэхдээ карт цэнэглэх, худалдан борлуулах цэг нь хангалттай биш болохоор хүмүүс мөнгөө бариад ороод ирж байна. Өглөө долоон цагаас автобус үйлчилдэг. Гэтэл долоон цагт ажиллаад карт борлуулж байгаа газар нэг ч байхгүй байна. Тэгэхээр бид өвлийн хүйтэнд, ажилдаа яарч байгаа хүмүүсийг хөөгөөд буулгах арга алга. Хотын төвөөр карт цэнэглэх газар, ТҮЦ-нүүд олон байдаг боловч гэр хорооллоор цөөхөн. Дарь-Эх рүү эргээд бүр ч ховор. Тэгэхээр л хүмүүс бэлэн мөнгөөр үйлчлүүлээд байгаа ш дээ. Тэгэхээр карт цэнэглэдэг газруудын тоог олон болгох хэрэгтэй” гэв. Мөн бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн иргэдийн тоог гаргах, мөнгийг нь байгууллагтаа тушаах талаар ямар ч ажил хийдэггүй гэв. Тэр ч бүү хэл хар хайрцагнд цугларсан мөнгийг хэн халаасандаа хийдгийг мэдэхгүй хэмээн хариулсан. Магадгүй ийм дүр зураг танил болоод удаж байгаа болохоо үүнд анхаарал хандуулж, эмзэглэх хүн ч үгүй болсон бололтой.
Зогсоол дээрэмдэгч “Суудлын тэрэг”-нүүд
Энэ салбарт тулгарч байгаа дараагийн асуудал бол автобусны буудал дээр байрыг нь эзэлэн данхалзах суудлын тэрэгнүүд. Нийтийн тээвэр гэдэг бол олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж, тэдний бууж, суух үеийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой. Тэгтэл хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэд, замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй соёлгүй жолооч нар, хууль дүрмийг уландаа гишгэгчид чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолыг аль хэдий нь эзэгнэчихсэн. Тэд л болж байвал нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн амь нас, аюулгүй байдал огтхон ч хамаагүй гэдгийг зогсох талбай олдохгүйн эрхэнд хоёрдугаар эгнээнд зогсож зорчигчоо буулгаж байгаа энэ зурагнаас харж болно. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нийтийн тээврийн жолооч “ Уг нь автобусны буудал дээр машин зогсохыг хориглосон гээд байгаа боловч бодит байдал дээр бидэнд хоёрдугаар эгнээнд зогсож зорчигчдоо буулгаж суулгахаас өөр арга алга. Буудлын кармаагаар дүүрэн машин. Сигналдаад ч хөдлөхгүй. Одоо харин ч гайгүй байна. Орой 17-21 цагийн үед бүр ч хүнд. Ялангуяа Гандан, Ардын эрх, 100 айл, хороолол хавийн автобусны буудал бол бараг л жижиг тэрэгнүүдийн зогсоол шиг л болчихдог. Цагдаа харагдаад, зохицуулалт хийж байвал гайгүй. Сүүлдээ ч иргэд хоёрдугаар эгнээнд зогсох гэж байгааг мэдчихээд машин сүлжээд гараад ирдэг. Энэ нь маш аюултай. Хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэл тулгарвал хэн хариуцлага хүлээх юм. Зогсоол бөглөөд зогссон машины жолооч нар 20 мянган төгрөгөөр торгуулаад л бол оо. Тэгээд чаддагаар нь автобусны жолооч аюулгүй байдал хангаагүй гээд хариуцлага хүлээнэ шүү дээ. Жолооч нар бусдыгаа хүндэтгээд ухамсартай баймаар байна” гэв
Өглөөний 06 цагаас 22 цаг хүртэл автобусны буудал дээр зогсохыг хориглоно
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат хэлэхдээ “ Манай улсын хэмжээнд 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс нийсэл хотын хэмжээнд 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөр тутамдаа замын хөдөлгөөнд 350-360 мянган тээврийн хэрэгсэл оролцдог. Үндэсний хэмжээний томоохон баяр наадмын үеэр хөдөө орон нутгаас 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр ачаалал их үед 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам хөдөлгөөнд оролцдог гэсэн үг. 2018 оны арваннэгдүгээр сарын 01-нээс замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдсэн. Одоо мөрдөгдөж байгаа дүрэмд 60 гаруй заалт шинээр орсон. Үүний нэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.8.В-д заасны дагуу Чиглэлийн тээврийн хэрэгсэлийн зогсоол дээр өглөө 06 цагаас оройн 22 цаг хүртэл суудлын болон ачааны авто машин огт зогсож болохгүй. Харин Оройн 22 цагаас өглөөний 06 цагийн хооронд хүн буулгаж суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрдөг.Өмнө нь мөрдөж байсан Замын хөдөлгөөний дүрмэнд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй бол хүн буулгаж, суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрдөг байсан. Тиймээс одоо болтол жолооч нар шинэчилсэн замын хөдөлгөөний зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь хүндрэл үүсгэж байна. Ялангуяа чиглэлийн тээврийн хэрэгсэлийн зогсоол дээр түр болон удаан зогсох, хүн буулгаж, суулгах зөрчлийн тоо их бүртгэгдээд байна. Тухайлбал автобусны буудал дээр зогсоод утасаа оролдох, хоол идэх, унтах, цаашлаад машинаа орхиод явах тохиолдол ч гардаг. Иймээс чиглэлийн тээврийн хэрэгсэл зогсох талбай байхгүйгээс, хоёрдугаар эгнээнд зогсож зорчигчоо буулгаж, суулгах тохиолдол гарч байна.Үүнээс үүдэн зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэж, зохиомол түгжрэл үүсдэг. Тиймээс энэ дүрмийн хэрэгжилтийг хангахын тулд хяналт, шалгалт зохион байгуулж байна. Зөрчлийн тухай хуулинд заасны дагуу дээрх зөрчил гаргасан иргэнийг 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байна. Нийслэл хотын хэмжээнд нийтийн тээврийн хэрэгслийн 900 гаруй зогсоол байдаг. Замын цагдаагийн алба хаагчидын орон тоо, ачааллаас шалтгаалаад бүх зогсоолд хяналт тавих боломж хомс байна. Тиймээс энэ төрлийн зөрчлийг авто машинаар хөдөлгөөнт эгүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид, гудамж, замд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран камерын хяналтаар илрүүлж арга хэмжээ тооцож байна. Одоогийн байдлаар 400 гаруй жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудас явуулсан байна.
Карт цэнэглэх, борлуулах 125 ТҮЦ шинээр байгуулна
Улаанбаатар Смарт карт ХХК-ны Харилцагч, статистик хариуцсан мэрэгжилтэн Х.Хонгорзул хэлэхдээ “Одоогийн байдлаар 540 гаруй газарт U MONEY автобусны карт цэнэглэх цэг ажиллаж байна. 2019 онд карт цэнэглэх, борлуулах 125 ТҮЦ шинээр байршуулахаар төлөвлөсөн. Энэ ТҮЦ 07 цагаас 23 цаг хүртэл ажиллана. Одоогоор манай компанитай гэрээтэй ажиллаж байгаа 540 гаруй цэгүүдтэй хамтран ажиллах гэрээнд өглөө эрт ажиллах талаар тусгасан. Гэсэн хэдий ч энэ заалт хэрэгжихгүй байгаа. Карт, цэнэглэн борлуулж байгаа ТҮЦ-нүүд манай компаний өмч биш учраас шаардлага тавихад хүндрэл үүсээд байна. Цаашид гэрээгээр хүлээсэн үүрэгээ биелүүлэх талаар шаардлага тавьж ажиллана. Карт худалдан борлуулж байгаа цэгүүд өглөө 07-09 цаг, орой 21-23 цагийн хооронд ажилласан тохиолдолд цэнэглэлтийн хоёр хувь, энэ цагуудаас бусад үед нэг хувийн ашиг авдаг. Манай компани картаа Солонгос улсаас оруулж ирдэг. Импортын зардал дээр ямар нэгэн нэмэгдэлгүй иргэдийн гар дээр хүргэдэг. Тиймээс картны үнийг бууруулах боломж одоогоор байхгүй. Харин хязгааргүй зорчих эрх бүхий нэг сарын картыг сардаа олон удаа тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг хэрэглэгчдэдээ зориулж гаргасан. Үнийн хувьд том хүн 25.000 төгрөг, хүүхэд 8.000 төгрөг. Бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэн, бэлэн мөнгө авч байгаа жолоочийг хянах камерын асуудлыг хамгийн анх ухаалаг системд нэвтрэхийн өмнөхөн мөнгөө хайрцганд хийж байх үед шийдчихсэн байсан. Гэтэл санаатай болон санамсаргүй байдлаар камерууд шатах, эвдрэх тохиолдол их гарах болсон. Зарим жолооч хяналтын камерыг санаатай гэмтээх ч тохиолдол бүртгэгдсэн. Тэр болгон манай компани камерыг засах нь үнэ өртөг өндөр. Тиймээс энэ хяналт үргэлжлэх боломжгүй болсон”гэв.
Бэлэн мөнгөөр үйлчилж байгаа жолоочид хариуцлага тооцдог
Нийслэлийн тээврийн газрын Тээврийн хяналтын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврийн үйлчилгэээд Удирдлага мэдээлэл цахим төлбөрийн систем 2015 оны долоон сард хэрэгжиж эхэлсэн. Энэ систем хэрэгжиж эхэлснээс хойш цахимаар болон бэлнээр төлбөрөө төлж байгаад 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн 100 хувь цахимаар зорчдог болсон. Энэ үеэс л шийдлийнхээ хувьд бэлэн мөнгөөр зорчих явдал зогссон гэсэн үг. Иргэд цахимд шилжсэний дараа цахим картаараа тун идэвхитэй зорчиж байсан. Тэгтэл 2018 оны нэгдүгээр сараас бэлэн мөнгөөр зорчих явдал түгээмэл болж ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн орлого уналттай байна. Энэ хэд хэдэн шалтгаанаас үүдэж байна. Нэгдүгээрт, жолооч бэлэн мөнгө авч байгаа нь буруу. Бэлэн мөнгөө аваад ороод ирсэн иргэнд “Та цахим картаар үйлчлүүлэх ёстой” гэдгийг хэлж байх ёстой. Хоёрдугаарт зорчигч буруутай. Нийтийн тээврийн салбар нэгэнт цахим картын үйлчилгээнд шилжээд хөгжлийнхөө дараагийн шат руу орчихсон байхад хөл нийлүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Үүнд иргэдийн залхуу, санаачлагагүй байдал, соёлтой үйлчлүүлэх хандлага дутаж байна. Гуравдугаарт, иргэн болон жолоочоос үл шалтгаалах нэг зүйл нь U MONEY цэнэглэх цэгүүдийн хүрэлцээ хангалтгүй байна. Өнөөдрийн байдлаар 543 ширхэг карт цэнэглэх, худалдан борлуулах төв ажиллаж байгаа. Үүний ихэнх нь хотын төвд байна. Хотын захаар энэ цэг ажиллахгүй байх жишээтэй. Гэтэл иргэд өглөө хотын захаас төв рүү чиглэсэн хөдөлгөөн ихтэй. Гэтэл гэртээ нь ойрхон карт цэнэглэх цэг байхгүй байна. Тэгэхээр 100 хувь иргэнийг буруутгаж болохгүй байна. Бэлэн мөнгө авч байгаа жолоочид Авто тээврийн хяналтын улсын байцаагч хариуцлага тооцдог. Жолоочийн бэлэн мөнгө авч байгаа үйлдлийг зураг бичлэгээр баталгаажуулсан тохиолдолд, иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу жолоочийг дуудаж шалгаад нотлогдвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож байна. Бид сар бүр “Зорчигчийн шалгалт”хийдэг. Энэ үеэр Авто тээврийн хяналтын улсын байцаагчид ажиллахаас гадна бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байх шалгагч нарыг ажлуулдаг. Мөн зорчигчдод “Та нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийн өмнө заавал цахим карт авсан, түүнийгээ цэнэглүүлсэн байх ёстой” гэдгийг ухуулан ойлгуулах ажил хийж байна. Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байх тал дээр шалгагчид нэгдүгээрт жолоочийг хянана. Хоёрдугаарт, зорчигчид шаардлага тавих үүрэгтэй. Шалгагч “Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэж байгаа иргэнд “Уучилаарай. Та цахим картаар үйлчлүүлэх ёстой. Тиймээс таньд үйлчлэх боломжгүй” гээд тухайн зорчигчийг тээвэрлэхээс татгалзах бүрэн эрхтэй. Хэрэв шалгагч дээрх үндсэн хоёр үүргээ мэдэхгүй хэрэгжүүлэхгүй байвал манай байгууллагт зургаар баримтжуулан мэдээллэж болно. Бид тухайн хүнд зохих хариуцлага тооцож ажиллана” гэв.
Ямартай ч энэ салбарын хөгжлийн төлөө дор бүрнээ л ажиллаж байгаа нь сайшаалтай. Харин иргэд бид өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж энэ салбарын хөгжлөөс бага багаар хумсалж байгаа юм биш биз. Өнөөдрийн таны хэнэггүй сарвайсан 500 төгрөг очих ёстой эзэндээ очиж, хөгжих ёстой салбарынхаа хөгжилд зарцуулагдахгүйгээр өөр хэн нэгний халуус руу орж байгааг дахин нэг бодоод үзээрэй. Нийтийн тээвэр ухаалаг системд ямартай ч нэвтэрсэн байна. Харин бид хэзээ ухаалаг хэрэглээнд нэвтрэх вэ.