СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-08

Асгатын ордын адармаатай түүх

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Саяхан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордын талбайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга цагдаа, тагнуул, буу шийдэм болж очоод тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Харин өчигдөр Салхитын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компани эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй мэдэгдлээ хэвлэлээр дайв. Гэвч мөнгөний ордтой холбоотой элдэв шуугиан хэсэгтээ намжихгүй бололтой. .

Түүнчлэн шүүхийн маргаан эцэслэгдсэний дараа Салхитын орд “Эрдэнэс Монгол”-д шилжих тухай ч сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн энэ долоо хоногт багтаан Асгат, Салхит, Цагаан эрэгийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг төрийн байгууллагууддаа үүрэг болгожээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс “Орд газрууд гурван сая хүний өмч. Иймээс өгөөжийг нь ард иргэдэд хүртээх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад онцгойлон анхааруулж, нэг сарын хугацаанд тодорхой ажил хийхгүй бол хариуцлага тооцно гэдгийг сануулав” гэж мэдээлэлдээ дурдсан байна. Ийнхүү байгаа мэт.

ЗГХЭГ-ын даргын мэдэгдлийн дараа “Монголросцветмет” ХХКийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Асгатын мөнгөний орд 100 хувь төрийн өмчид байгаа. Тийм учраас хууль эрх зүйн хувьд асуудал үүсэхгүй. “Монголросцветмет” ХХК-ийн зүгээс тодорхой хэмжээний зардал гаргасан. Үүнийг нөхөн олговроор олгоно гэсэн. “Монголросцветмет” ХХК 1993 оноос хойш Асгатын мөнгөний ордыг хөдөлгөх оролдлогыг гурван удаа хийсэн. Улс төр болон бусад хүчин зүйлээс болж зогссон байдаг. Хамгийн сүүлд 2006 онд Оросын “Полиметалл” компанитай хамтарч хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ч харамсалтай нь зогссон. Өнөөдрийг хүртэл ордуудыг хөдөлгөх оролдлого хийж ирсэн ч өмнө нь үүссэн асуудал болон хувь эзэмшлийн маргааны асуудлаас үүдэн сайн урагшлаагүй. Эдгээрийг бид цэгцлээд дуусч байгаа. Тиймээс “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэхэд асуудал гарахгүй.

Харин нөхөн төлбөрийн хувьд гэвэл бид долоон сая ам.доллар гаргасан. ” гэсэн байна. Асгатын мөнгөний ордын хувьд нэлээд түүхтэй. Ашигт малтмалын газрын бүртгэлд дурдсанаар байна. Ийм орд өдий хүртэл ашиглагдаагүй явж ирсэн хамгийн эхний шалтгаан бол байгалийн тогтоц, цаг уурын байдалтай нь холбоотой. Тус орд Баян-Өлгийн аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог.

Далайн түвшнөөс дээш 2500-3500 метр хүртэл өргөгдсөн. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас их унадаг бөгөөд агаарын дундаж температур тэг градус аж. Аймгийн төв Өлгий хотоос 180 км, Улаанбаатар хотоос 1800 км зайтай, хамгийн ойр орших төмөр замын станц нь ОХУ-ын Бийск станц хүртэл 720 км зайтай гэсэн үзүүлэлттэй. Анх 1970-аад оны сүүл 1980-аад оны эхээр оросууд энэ бүс нутагт хайгуул судалгааны ажил явуулж Асгатын мөнгөний ордыг олсон байдаг. Тухайн үед “Маш том мөнгөний орд оллоо, Монгол талдаа их нөөцтэй, Оросын талд ч багагүй нөөцтэй” хэмээн шуугиж байж. Орос, Монголын хилийн зааг дээр мөнгөний ордыг ашиглах зорилгоор Асгат тосгоныг ч байгуулжээ. Ингээд 1980-аад оны дундуур Монголын тал оросуудтай хамтран хоёр ч удаа хайгуул судалгаа хийж, далд уурхайн хонгилуудыг үүсгэж багагүй зардал гаргасан ч ашиглаж чадаагүй аж.

Дэд бүтэц хүргэхэд байгалийн саад ихтэйн дээр тухайн үед дэлхийн зах зээл дээр мөнгөний ханш бага байсан учир уг ордыг ашиглах нь эдийн засгийн хувьд алдагдалтай байсан гэх. Доктор У.Мавлетын дурсамжид Ерөнхий сайд П.Жасрай “Асгатын ордыг ашиглах цаг болсон. Хөөцөлдөх эзэнтэй болгох хэрэгтэй. Бор-Өндөр, Бэрх зэрэг далд уурхайтай, гадаад дотоодын байгууллагуудтай холбоотой “Монросцветмет” нэгдэлд хөрөнгө оруулагч олох, далд уур хайн мэргэжилтэн бэлдэх үүднээс лицензийг нь тэдэнд өгвөл яасан юм бэ” гээд тухай дурдсан байдаг.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ч Асгатын ордыг ашиглахад төвөгтэй байсан бололтой. АНУ, Оросын компаниуд ордыг сонирхож байгаад мөн л ашиггүй гэж үзээд орхисон гэдэг. Гэхдээ дан ганц байгалийн саад, дэлхийн зах зээл дээрх мөнгөний үнэ зэрэгт баригдаад ашиглахгүй байсан гэвэл худлаа. Улс төрийн асуудал ч нэлээд оржээ. Тухайлбал, С.Баярын Засгийн газрын үед Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаар ОХУ-ын “Полиметалл” нэгдлээс тавьсан саналыг боломжтой гэж үзэж хамтарсан .

Асгатын ордыг Орост бэлэглэх нь гэсэн хардлага тухайн үедээ Засгийн газрыг ганхуулах шахаж байв. Ерөөсөө Монгол гэхээсээ Оросын талаас ашиглахад илүү дөхөмтэй энэ орд газар хоёр орны аль алиных нь ашиг сонирхлын голд явж иржээ. Тэр нь найман жилийн өмнө “Асгат”-ыг стратегийн ордуудын жагсаалтаас хасах тухай санал ОХУ-аас ирсэн талаарх мэдээлэл гарч, олныг шуугиулж байснаас харагддаг. Нэг хэсэгтээ мартагдаад байсан Асгатын ордын талаар яриа хамгийн сүүлд 2013 онд нэг сэдэрсэн юм. 2010 онд Баян-Өлгий аймагт байгуулагдсан Барилга инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340 дүгээр анги Асгатын мөнгөний орд хүртэлх 72,8 метр урт төмөр бетонон гүүр бүхий 7,3 км хайрган хучилттай авто замын ажлыг гүйцэтгэж 2013 онд хүлээлгэн өгч байлаа. Дан ганц зам барьснаар ордыг ашиглаад эхлэх боломжтой гэсэн үг биш. Тиймээс ч орд ашиглах гэхээсээ илүүтэй Баян-Өлгий аймагт хэл амтай байгуулагдаж байсан цэргийн ангийг ажилтай байлгах зорилгоор хийлгэсэн зүйл гэх нь ч бий. Ямартаа Асгатын орд ашигтай, ашиггүй гэхээс илүү үндэсний аюулгүй байдал талаасаа баруун хязгаараа эзэнтэй, хяналттай байлгахын тулд ашиглах, үйл ажиллагааг нь явуулах ёстой гэж зарим улстөрчид үздэг. Магадгүй, Асгатын ордыг ашиглах Засгийн газрын энэ удаагийн нүүдэл ч түүн рүү чиглэсэн байх магадлалтай юм.

Ж.Баяр

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.