Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдөр /2025.05.28/ хуралдаж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж, зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай асуулт асуув. Тэрбээр малын генетик нөөцийн үнэлгээ хуульд зааснаар гурван жил тутамд хийхээр заасан ч зургаан жил хийгдээгүй ирсэн. Энэ үнэлгээнд түшиглэж юуг сайжруулах, ямар арга хэмжээ авахаа оновчтой эрэмбэлж төлөвлөлт, төсөв, хөрөнгө зарцуулах талаар тодруулж асуув.
Өмнө нь аливаа төслийг хэрэгжүүлэхдээ ан амьтан, уур амьсгалд хэрхэн нөлөөлж буйд байгаль орчны үнэлгээнд голлон анхаардаг байсан. Харин хуулийн төсөлд төслийг хэрэгжүүлэхдээ хүний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн нийгмийн үнэлгээний асуудлыг нарийвчилж тусгасан гэдгийг С.Одонтуяа сайд хариултдаа дурдлаа. Мөн тэрбээр, байгаль орчны үнэлгээ хийлгэх гэж байгаа төслүүдийг гурав ангилж, зэрэглэлийг нарийвчилсан нь нэг лаборатори ажиллуулах эсхүл, уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд яг ижил шаардлага тавьдаг нь ихээхэн хүндрэл учруулж ирснийг сайжруулах шаардлагатай холбоотой. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн мэдэх эрхийг хангах асуудлыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэв.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд малын генетик нөөцийг сайжруулах, хамгаалах, бодлогоор дэмжих, малын ашиг шим, үүлдэр, угсаа, малын чанарыг сайжруулах, бүс нутагт цөм сүргийн аж ахуйг хөгжүүлэх, сайн малыг орон нутагт нийлүүлэх, хамгаалах, үржүүлэхэд энэхүү үнэлгээ ач холбогдолтой талаар онцолж саналаа хэллээ.
Ингээд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Замира чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.