Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Тээврийн сайд тээвэрчдэд, тээврийн компаниудад ижил хандах ёстой. Жишээ ярья. "Энержи ресурс" компанийн машинууд Тавантолгойгоос нүүрс ачиж Цагаан хад дээр буулгаад цааш Ганцмод руу ачдаг. Жирийн компаниуд Тавантолгойгоос Цагаан хаданд ирээд НӨАТ төлдөг. "Энержи ресурс" НӨАТ төлөхгүй байна. Нүүрс бол экспорт руу чиглэсэн ачилт учраас "Энержи ресурс" компани хуулийн талаас шийдлээ гаргасан байх. Бусад компанид ийм боломж олгомоор байна гэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нь яамны үндсэн үүргийн нэг. Гашуунсухайтын боомт дээр очиход тээвэрчид маань тог усгүй, хүүхдүүд нь цэцэрлэг сургуульгүй байсан. Одоо ямар ч байсан тогтой, устай, цэцэрлэг, сургуультай болсон. Эмнэлэг байхгүй. Цаашдаа гадны компани болон дотоодын зарим компани давуу эрхтэй байгаа ялгаварлыг арилгана. С зөвшөөрлийг уурхай өгч байгаа тул тээврийг уурхай хийж байна. Яамны оролцоо тун бага байна гэлээ.
Дашрамд дурдахад, Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсон.
Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 80 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна.
Цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 8-20 дахин хямдарсан
Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтуудыг холбох хил дамнасан төмөр замын төслүүдийг эхлүүлээд байна.
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг өнгөрөгч 05 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлж ирэх 11 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна. “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан 09 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталлаа. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 ондэхлүүлэхээр төлөвлөөд байна.
Манай улс урьд нь урагшаагаа Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байлаа. Харин ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын таван гарцтай болох гэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.