СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-05-14

Улсын тэргүүний сум "ТЭС"-ийн сонин содон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.05.11/ "Улсын тэргүүний сум"-аар шалгарсан сумдыг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн байна. Улсын тэргүүний сумаар Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулжээ.

Улсын тэргүүний Тэс сум нь 3000 орчим хүн амтай аймгийн хойд бүсийн томоохон сумдын нэг. Улаанбаатар хотоос 1107 км, аймгийн төвөөс 307 километрт оршдог. ОХУ-тай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 74 хувь нь сумын төвдөө амьдардаг.

ОХУ-тай байнгын нээлттэй хилийн боомт ажилладаг тул жилдээ 20-25 мянган зорчигч улсын хилээр нэвтэрч бизнес арилжаа эрхэлдэг түр болон байнгын, дайран өнгөрөх зорчигч иргэдийн тоогоор хамгийн их сум юм.

Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг нийслэлтэй холбосон олон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Олон улсын чанартай ОХУ-аас монгол улсыг дайран өнгөрөх босоо тэнхлэгийн замын чиглэл Нөмрөг сумаас Арц-суурийн хилийн боомт хүртэл 199 км хатуу хучилттай зам баригдаж буй. Тэс сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ Дүүрэгч вангийн хошуу, Баян уул, Дооно, Нисэг, Зүр гэсэн дөрвөн багтай, хүн амын тоогоор аймгийнхаа 24 сумаас дөрөвт, газар нутгийн хэмжээгээр 23-т ордог. Далайн түвшнээс дээш 1300 м өргөгдсөн. Хангайн уулсын ойт хээр Баруун хангайн уулын хээрийн тойрог Мөрөнгийн мужлалд хамаарагддаг. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой ажээ.

Тэс сум хамгийн залуу хүн амтай сум

Тэс сум нь аймагтаа хүн амын нягтрал хамгийн өндөр хоёр дахь сум юм

Тодруулбал, нэг километр квадрат нутаг дэвсгэрт 3.2 хүн амьдардаг. Тэс сум нь залуучуудын сум. Учир нь нийт хүн амын 56.0 хувь нь залуу болон дунд насныхан, 37,5 хувь нь хүүхэд, 6,5 хувь нь ахмадууд байна. Тус сум 2021 онд 130940 толгой мал тоолуулснаас адуу 8598, үхэр 9786, тэмээ 68, хонь 60523, ямаа 51965 толгойг тус тус тоолуулжээ. Өнөөдрийн байдлаар 586 малтай өрх, 416 малчин өрхтэй, 1000 аас дээш малтай 15 малчин байна. Сумандаа газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2021 онд 42.0 тонн төмс, 96.1 тонн хүнсний ногоо, 995.0 тонн хадлан, 1400.0 тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Мөн Тэсийн голын ай сав дагуу ургах байгалийн зэрлэг чацарганаараа алдартай сум аж. Өдгөө тус суманд байгалийн зэрлэг чацарганаа түшиглэсэн нутгийн брэнд чацарганын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй.

/Сумын төвд хавар иржээ/
/Тэсийн голын өвөл үзэсгэлэнтэй/
/Үдийн нарны туяанд цайвартан гялбалзах улиас, бургас, эрэг хөвөөлөн багшрах чацарганын төгөл Тэс сумын брэнд/

Эх оронч голын эзэд

Тэс сум нь гадагш урсгалгүй буюу бидний “Эх оронч” хэмээн нэрийддэг цөөхөн голын эрэгт орших сум юм.

Учир нь Булнайн нурууны араас эх авч Увс нуурт цутгах энэ гол 568 км урт бөгөөд 33358 хавт.дөр.км талбайгаас усжина. Тэсийн голд Тагны нурууны өврөөс эх авсан хэдэн арван услаг гол горхи цутгах тул доошлох тутмаа ус элбэгтэй болно. Голын сав газар эхэндээ уулархаг боловч уулс харьцах өндрөөрөө нам юм.

Булнайн нурууны араас урсах голуудын бэлчирт асар их талбайг хамарсан намаг үүсгэх бөгөөд түүнийг Жаргалантайн намаг гэнэ. Тэсийн гол Завхан аймгийн нутгаар ОХУын нутаг руу гарч Увс аймгийн Тэс сумын нутгаар эргэн Монголдоо орж ирж Увс нуурт цутгана. Адагтаа хэд хэд салаалж намаг бүхий голын садраа адаг үүсгэнэ. Үндсэн голын голдирол эхэндээ 150-60 метр, урсгалын дунд хэсэгт 40-120 метр, зарим хэсэгт 200 метр хүртэл задгайрч өргөснө.

Усны зохилох гүн 0.3-2.5 метр, урсгалын хурд 0.7-1.5 м/сек орчим юм. Тэсийн голын олон салаалсан хэсэгт улиасан төгөл бүхий бургасан шугуй, тэмээн харганы ширэнгэ бүхий алаг өвст, үет, улалжит нуга, алаг цоог төгөл ойтой. Голын хөндий дагаж зэрлэг чацарганы нөөц ургадаг бөгөөд тошлой, долоогоно, хад, мойл, улаалзгана, нохойн хошуу зэрэг олон төрлийн жимстэй. Тэсийн голын зэгс шугуйд Улаан номонд орсон нэн ховор зэгсний гахай, бор гөрөөс, буга, ойн солонгозэрэг хөхтөн амьтад бий. Сүүлийн жилүүдэд минж, ондатр нутагшин үржиж байна. Нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар ба хуруут хун, реликт цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог зэрэг олон зүйлийн шувуудтай.

Тэс үүлдрийн адууны эх нутаг

/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-444 дүгээр тушаалаар батлагдсан, хурд-уналга-эдэлгээний чиглэлийн “ТЭС” үүлдрийн адуу/

Тэс сум 2021 онд 8598 адуу тоолуулжээ. Тэсийн голын ай сав нутагт Тэс үүлдрийн адуу нутаглаж байна.

Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд, өвөлдөө -50, зундаа +38 хэм болдог. Дээд тал нь зуны улиралд хөрсөндөө +66, өвлийн улиралд -54 хэм хүрч халуун, хүйтэн хоршсон нутагт Тэс адуу нутаглаж байдаг. Уул ус мод, өвс, ургамал тэгширсэн өгөөмөр баян нутаг Тэсийн голын ай савд  манай аймгийн  алдарт малчид  Тэс угшлын адуун сүргээ олон зуун жилээр үе улируулан өсгөн үржүүлж ирсэн.

Ойрын түүхээс сөхвөл, Тэс адуу нь Гэрсэнз түүний хүү Убаши хунтайж, Батмөнх даян хаан, Ойрадын Амарсанаа, Даваач, Хотгойдын Чингүнжав нарын дайчин эрчүүдийн хүлэг унаа байсан түүх бий гэж Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн хэлэв. Тэс адуу нь усанд маш сайн мал. Бядтай адуу нь ямар ч гүнзгий усанд чигээрээ зүтгэж туулдаг. Эхээсээ дөнгөж төрөөд гурав хоносон унага нь гэхэд том адууны хондлойгоор татаж байгаа усанд эхийгээ дагаад гарах жишээний.

Монголын бусад адуунаас биерхэг, эдэлгээний чадвар нь давуу байдаг. Монголын хамгийн хүйтэн, хамгийн халуун газар эрс тэс уур амьсгалтай экологид дасан зохицсон онцлог чанаруудтай. Тухайлбал гадна арьс нь зузаан, бусад нутгийн хурдан адуунаас ялгарах нэг онцлог нь таван км-ээс дээш давхиж байж бие нь халж хөлс нь гарч байдаг. Тавирдаг онцлогтой. Тэгэхээр Тэс үүлдрийн адуу хурдан байхаас аргагүй юм. Холын зайд уралдах чадвар сайтай байдаг гэж гавьяат зоотехникч онцлов.

Тэс омгийн адуу НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО-д бүртгэгджээ

/Харзны усаар ундаалсан, нутгийн шандаст хүлгүүд, "Бух урамддаг" домогт зэгст нуур, Сүмтэй толгой.

/Завхан аймгийн Тэс сум. Гэрэл зургийг Н.Баятбаяр/

Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэнгийн судалгааны дүнд Тэс адууны нядалгын гарцыг 9-13 насны найман адуун дээр хийхэд, нядалгын өмнөх жин 359.4 кг, нядалгын гарц 54,3 хувь, мах өөхний цэвэр гарц 77 хувьтай болохыг тогтоожээ.

Мөн гүүний саалийн хэмжээ, тарга, хүч, унагалсан тоо, нас, өдрийн саалтын тоо зэргээс хамаарч нэгж толгойгоос дунджаар 2,08 (0825-3,125) литр байсан. Өөрөөр хэлбэл саалийн гурван сарын хугацаанд 160-180 литр сүү авах боломжтойг тогтоосон юм. Тохиромжтой хэвлийн адууны сэрвээний өндөр 126,4-133,0 см,  цээжний бүслүүр 158,1-165,4 см, биеийн ташуу урт 134,8-138,6 см, шилбэний бүслүүр 17,3-18,6 см байна гэсэн  дүгнэлт хийсэн байгаа.  Ийнхүү Тэсийн голын 568 км уртын дагуу, гурван аймгийн байгаль, экологи онцлогоор гурван удам зургаан бүл бүхий 100-аад мянган цөм сүргийн адуугаар,  Тэс омгийн адуу 2019 оны 11-р сард ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн шийдвэрээр, шинэ үүлдрээр батлагдаж олон улсын генийн санд орсон. Ингээд Тэс адуу шинэ үүлдрээр НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО –д  бүртгэгдэж түүний хамгаалалт хяналтад байхаар болсон гэж гавьяат зоотехникч өгүүлэв. 

Тэс суманд "Сүмт толгойн туурь" нэртэй ховор үзмэр бий

Тэс сумын Дооно багийн нутагт XIV-XVII зууны барилга, архитектурын ховор дурсгал, цэрэг, шашны зориулалттай ашиглаж байсан ул мөртэй туурь бий.

Тус туурь сумаас баруун хойш таван километр зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар юм. Тус цайз харуулын цамхаг ч болж байсан бөгөөд уулын доод бэлд нь хийдийн туурь, гэрийн буурь байдаг аж.

Хийдээр ашиглахдаа сүмийн оройд нь хоёр дуган байсан. Урд үзүүрт нь нэг жижиг суваргатай. Хойд талд нь арай том суваргатай дуган байсан байна.

Нутгийн ард Сүмт толгой гэж нэрлэдэг ажээ

Сүмт толгойн доод бэлд мөн хоёр гэрийн буурь байдаг байна. Нутгийнхны Сүмт толгой гэж нэрийдсэн тус туурь, цайз хэрмийг яг ямар зориулалттай хэдий үед хэрэглэж байсан нь өнөө хир нэг мөр болоогүй.

Шинжлэх ухаан, түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд малтлага судалгаа хийж байгаа гэж судлаачид ярьж байна. Мөн профессор А.Очир энэ бол Хотгойдуудын өвөг дээдсийн суурин XVII зуунд харьяалагдана гэх. Харин академич С.Чулуун XV-XIX зуунд харьяалагдах ховор дурсгал, шашны зориулалт бүхий суурин гэсэн бол Түүхийн ухааны доктор Д.Баярсайхан Улиастай дахь Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжны газраас Тэс голд суулгасан цэргийн бэхлэлт XVIII зуунд харьяалагдана хэмээн үзсэн байна.

/Овооны зүүн талын хадан дээр "Энэ сайхан нутагт хавар ирээд, намар буцав" гэсэн агуулгатай Түрэг бичээс байдаг аж. Завхан аймгийн Тэс сум/
/Ганжуур, Данжуур хөлгөн судрыг үйсэн дээр зосоор туурвисан баримтыг Тэсийн “Сүм”-ийн тууриас олсон нь нэн ховор олдворт тооцогддог аж. Гэрэл зурагчин Н.Батбаяр сүмийн зургийг наран ургах зүгээс нь харуулжээ/

Хилийн боомт хүртэл хатуу хучилттай замтай болсноор олон давуу талтай

“Арцсуурь боомт нь 1976 онд байгуулагдсан.

"Монгол-Орос улсын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ", "Хилийн боомт болон Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т заасны дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто боомт юм.

Завхан аймгийн хөгжлийн гол гарц нь Арцсуурь боомт аж. Тус боомтод тулгамдаж байгаа чухал асуудал нь Нөмрөг сум хүртэлх хатуу хучилттай авто зам тавих. Боомтын хяналтын бүсийн нэгдсэн цогцолбор барих ажил юм. Эдгээр асуудлыг шийдэж чадвал үр өгөөж нь Завхан аймагт төдийгүй баруун аймгуудад ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломж бүрдэнэ. Мөн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал хөгжих, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой аж.

Хилийн боомт хүртэл хатуу хучилттай замтай болсноор олон давуу талтай. Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэл 167 км автозамын 1,0 тэрбум төгрөгийн ТЭЗҮ, зураг төслийн ажлыг хийж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханы ажлын албанаас мэдээлэв. 

Эх сурвалж: Монцамэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батсайхан Доржням
1 жилийн өмнө
103.20.152.49

Сайхан нутаг шүүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.