СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-01

Би чадна гэж итгэсэн хүн мянган саадыг ч давдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Achilles international Mongolia” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Саранчулуунтай ярилцлаа.

-Өөрийгөө ялан дийлэхийн утга учир юунд оршдог юм бэ? 

Ирээдүйд тэртэй тэргүй өөрийгөө шүүх цаг ирнэ. Тэр үед сэтгэл хангалуун сайхан уртаар амьсгаа авмааргүй байна гэж үү.

-Өөртэйгөө ажиллах, өөртэйгөө байх, өөрийгөө ялах тэр их хүч чадлыг хаанаас, яаж олж авдаг байв?

-Би бусдын л адил өөртэйгээ тэмцэж зөрчилдөж, өдөр бүр хичээж байна. Түүнээс биш надаас гэнэтийн их хүч гараад л ямар нэгэн онцгой зүйл хүч өгдөг гэсэн юм байхгүй. Гэхдээ хүнд хэцүү зовлон бэрхшээл даван туулах чадварыг нэмдэг байх гэж боддог. Бодоод үзэхэд би их олон хүнд зүйлийн ард гарсан хүн. Юу юуны хохирогч вэ, эсвэл даван туулагч вэ гэвэл би хавдар, хүчирхийлэл, осол гэмтэл, ялгаварлан гадуурхах гээд л явж өгнө л дөө.Тэгээд зовлон бэрхшээлийг төгсгөл мэтээр бодож бүгдийг орхих боломжгүйгээс хойш, түүнтэйгээ эвлэрэн хэрхэн яаж гэрэлтэй талыг нь харах, эсвэл хэрхэн яаж үүнээс суралцах вэ гэдэг нь чухал болов уу. Гэхдээ бас хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд заавал зовж зүдрэх ч албагүй, туршлагатай нэгнээс сонсож, суралцаж ч болно шүү дээ. Нөгөө талаас бид сурч мэдсэн зүйлс, туршлагаа бусдад хуваалцаж сурах хэрэгтэй. 

Сэтгэлээр унах, шантрах, няцах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байв? 

-Миний хувьд сэтгэлээр унах, шантрах үе бусдын л адил, заримдаа бусдын төсөөллөөс ч их байдаг ч нэг дүрэмтэй. Надаас шалтгаалж хийж, чадах зүйлсийг саад бэрхшээл биш энэ бол бодит байдал гэж харахыг хичээдэг. Түүнд хэрхэн дасан зохицох, оролдого хийх вэ гэж харахаар асуудал өөрөөр бууна л даа. Ингээд бодвол ихэнх зүйл голдуу л өөрөөс минь хамаардаг учраас өөртэйгээ л ярьдаг даа.

-Өөртөө зорилго тавих түүндээ хүрэх гол арга нь таны бодлоор юу вэ? 

Зарим хүмүүс арга замыг давхар харахгүйгээр зорилго гэж төсөөлөн түүнийхээ төлөө юу ч хийхгүй бодоод л яваад байдаг. Энэ бол голын цаана байгаа аралд хүрэхийн тулд завины тухай бодохгүй хий дэмий л арлыг бодоод байна гэсэн үг.

-Тэрхүү зорилгодоо хүрээд эргэн тойрноо, өөрийгөө, хүмүүсийг, амьдралыг харахад юу бодогддог бэ? 

-Хамгийн түрүүнд миний хүүхдүүд, дүү нар минь хараасай гэж боддог. Бас надад тусалж дэмждэг хайртай хүмүүс минь мэдээсэй гэж хүсдэг. Хайртай хүндээ үнэлэгдэхийг хүсдэг. Тиймээс би хуваалцах дуртай. Жишээ нь би дасгал, гүйлтийн зорилго тавиад хүрчихлээ гэж бодоход өөртөө шагнал өгч урам авдаг. Үнэндээ тийм ч олон том зорилгод хүрч амжаагүй л байна. Хаа ч байсан юм.

-Хүмүүст туслаад баяр баяслыг өөртөө авах сайхан байх тийм үү? 

-Бусдад туслангаа баяр баясал авч байгаа нь сайхан хэдий ч түүнийгээ нөгөө хүндээ үлдэцтэй болгох талаас нь анхаармаар байна. Түүний хүнд хэцүү байгааг нь бодитоор үнэлж дүгнэж хардаг байх ёстой, түүнд үндэслэж туслах ёстой юм шүү дээ” гэж “Нийгмийн оношилгоо” зохиолдоо бичсэн байдаг. Мэргэжлийн хүний хувьд би бусдад туслах нь яг энэ зарчмаар явах ёстой гэж боддог. Өнөөдөр манайд хүний амьдралд, тэр тусмаа тархинд нь, бодолд нь, хандлагад өөрчлөлт, ахиц авчрахгүй хий хоосон лоозонгийн пи-ар шинжтэй тусламж моод болж, авч байгаа хүмүүс нь илүү бэлэнчилж, нөгөө талд өгч байгаа хүн түүгээр өөрийгөө “гоёж” байна. Үүнийг бид хүнд тусална гэж нэрлэж болохгүй.


Иймээс бид аливаа тусламжийг мэргэжлийн байлгаж, хүний амьдралд нэмэртэй байх талаас судалж байж зохион байгуулах хэрэгтэй. Үнэхээр хүнд тусалмаар байвал түүний тархинд өөрчлөлт хийхүйц, хандлагыг нь өөрчилж тусал. Өөртөө итгэх итгэл өг. Би чадах юм байна гэж итгэсэн хүн мянган саадыг даваад амьдраад босоод л ирнэ. Харин би чадахгүй гэж итгэсэн хүн мянган боломж байсан ч өндийх ч үгүй, хэвэндээ л байна.

-Та бол өөрийгөө ялж хүмүүсийг уриалан дуудаж, урам өгөгч эмэгтэй. Энэ үйл хэргээрээ юу хэлэхийг, юу харуулахыг зорьж байгаа юм бэ? 

-Уг нь би нэг их том үйл хэрэг эхэлье гэх мэт зүйл бодоогүй юм л даа. Яах вэ, гол санаа маань туулсан зовлон бэрхшээл, түүнээс олсон сургамжаа хуваалцвал өөр нэгэнд санаа өгч, хөл дээрээ босох, өөрийгөө дайчлахад нь нэмэр болох болов уу гэж боддог юм. Өнөөдөр надад дадал шахуу болсон гүйлт, дасгал өөр нэгэнд эхлэхэд хэчнээн хэцүү байгааг би мэдэж байгаа болохоор л “Намайг хараач, би нэг хөлгүй чамаас дутуу хэрнээ чадаад байна шүү дээ, тиймээс чи бол бүр илүү чадах ёстой” гэсэн санааг өгөөд байгаа хэрэг. Энэ сүүлийн хэдэн жил олон хүнд үйлчилсэн байна лээ шүү (инээв). Та манай гүйлтийн клуб, алхалтын клуб, Ахиллисын клубыг харахад мэдэгдэнэ дээ.

-Үүсгэн байгуулсан “Ахиллис Монгол ” ОУБ-ынхаа тухай яриач? 

-Эхлээд үнэндээ ТББ гэж бодоогүй юм шүү дээ, фэйсбүүк группээс болж бүх зүйл богино хугацаанд эхэлсэн. 2014 оны хавраас эхэлсэн олон нийтийн ажил эрчимтэй өргөжиж, бас Ахиллис ОУБ-аас Монголын салбарыг байгуулахыг дэмжих санал тавьж, нөгөө талаас үргэлжлүүлэн хийгээч гэдэг хандалтууд их байсан учраас нүүр номын группүүд маань өнөөдөр ТББ байгууллага болсон байна. Үүнээс

“Ахиллис Монгол” нь бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Ахиллис Хүүхэд”, гэнэтийн ослын дараагаар сэргээн засах зөвлөгөө мэдээлэл, хандив, дэмжлэгт хамруулдаг “Даван туулагч”, олон улсын марафонд Ахилиисийн төлөөлөл явдаг “Марафон аялал”, байнгын гишүүд сайд дурынхны бэлтгэл хийж цуглуулдаг “Ахиллис Монгол” клуб зэрэг нийт дөрвөн төслийг хэрэгжүүлдэг.

-Та энэ үйлсээрээ өөрчлөлтийг авчирсан гэдгээ яаж мэдэрдэг вэ? 

-Өөрчлөлт бол эрвээхэйн нөлөөлөл гэдэг шиг нэг хүнээс эхлэлтэй боловч энэ баг хамт олны ажил юм. Өнөөдөр Ахиллис нэрийн дор энэ олон ажлыг нугалж зохион байгуулж яваа олон хүн бий. Одоогоос таван жилийн өмнө би гүйх хүн хайгаад олдохгүй ганцаарддаг байсан бол өнөөдөр “Ахиллис” , бас Хэтрүүлэг биш шүү гэхдээ, хэдэн зуун хүний амьдралд гүйлтийн сайхныг мэдрүүлж, одоо тэд надтай надгүй өөрсдөө гүйдэг, зарим нь миний үнэнч дотно анд нөхөд болцгоосон. Тоо чухал биш, чанар чухал. Гүйдэг болсон хүмүүсээс хамтдаа олон сайхан ажлуудыг зохион байгуулж хамт олон болчихсон явж байна.

-Гүйж байхдаа мэдэрдэг мэдрэмжийнхээ тухай...?

-Миний хувьд их хурдан гүйдэггүй л дээ, ганцаараа алхах дуртай. Энэ надад өөртэйгөө ажиллах нэг сайхан цаг болдог юм. Саяхан би нэг олон улсын хуралд марафоны тамирчинтай уулзаад юу мэдэрдгээ ярилаа. Тэр бас надтай адилхан гүйлтийг бясалгал шүү дээ гэж байсан. Гүйж байхад хэзээ ч муухай зүйл толгойд орж ирдэггүй. Яг л аяга дүүрэн усыг бүгдийг асгаж байгаад эхнээс нь хийхтэй адил.

-Та мөрөөдлийнхөө талаар яриач? 

Энэ жил хоёр дахь том марафонд гүйхээр болж байгаа. Берлин, Нью-Йорк хотод болно.

-Та олон хүнийг гүйлтэд уриалан дуудсан. Одоо зохион байгуулах гэж байгаа марафоныхоо тухай яриач? 

-Миний болон манай ахиллисчуудын энэ үзэл бодол яг ижилхэн. Тиймээс бид хамтдаа ийм хурдан нэгдэж чадсан. Бид энэ оны есдүгээр сард Монголынхоо бүх хүмүүсийг уриалж “Итгэл найдвар”, “Боломж”, “Улаанбаатар-2019” марафонд урьж байгаа. Энэ нь бусдад урам өгч, өөрийгөө эрүүл мэндэд анхаарахыг уриалахаас гадна, эерэг хандлага, нийгмийн хариуцлагыг илэрхийлсэн тийм л марафон болно доо. Бид энэ арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

-Эдгээр гүйлтийнхээ тухай товч мэдээлэл өгнө үү? 

-Тухайлбал Энэ өдөр зөвхөн гүйлт биш эрүүл мэнд, спортын өдөрлөг болно. Би өөрийн таних бүх хүмүүсийг энэ марафонд дуудна. Хэрвээ энэ жил чадахгүй бол ирэх жил дахиад л дуудна.


Нийгмийн хариуцлага гэдэг бол хэн нэгний өмнөөс татвар төлөх түүний татвар төлдөг болгоход нь тусалдаг байхыг хэлэх байх. Гүйлт, спортоор дамжуулан хэдэн зуун хөдөлгөөний бэрхшээлтэй залуус амьдралын идэвхтэй санаачилгатай болж босч ирнэ шүү дээ. Бид хариуцлагатай иргэдийг бий болгоход гар бие оролцож эх орондоо иргэний үүргээ биелүүлнэ. Тэгээд бас өөртөө эрүүл мэндийн өөрчлөлт хийнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.