Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №2 The Beach Boys, ‘Pet Sounds’
Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №2 The Beach Boys, ‘Pet Sounds’

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна. Удаан хугацаанд завсарласны эцэст шилдэг цомгуудын цувралыг хүргэж байгаад сонсогч, уншигчдаа хүлцэл өчье. Бид үндэсндээ шилдэг 500 цомгийг танилцуулаад дуусах шатандаа орж байна. Домогт The Beach Boys хамтлагийн ‘Pet Sounds’ цомог энэхүү шилдгүүдийн жагсаалтын дэд байранд эрэмбэлэгддэг цомог юм. 

 

The Beach Boys, ‘Pet Sounds’

Гарсан он: 1966 он
Төрөл: Прогрессив поп, писхеделик поп, арт рок
Үргэлжлэх хугацаа: 35:57
Лэбэл: Capitol

Энэхүү агуу цомог бол домогт The Beach Boys хамтлагийн 11 дэх студийн цомог юм. 50 гаруй жилийн тэртээ бүтээгдсэн ч одоо хэр нь ‘Pet Sounds’ цомгийг хөгжим судлаачид, шүүмжлэгчид хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн агуу бөгөөд нөлөө бүхий цомгуудын нэгээр нэрлэдэг байна. ‘Pet Sounds’ цомог нь бүхэлдээ хамтлагийн дуучин, даралтат хөгжимчин, аргил гитарчин Брайн Уилсоны оюуны бүтээл гэж тодорхойлж болно. Тэрээр цомгоо бичихийн тулд хамтлагийнхаа аялан тоглолтоос татгалзаж байлаа. 

Тухайн цаг үед дэлхий нийтийг байлдан дагуулж байсан домогт Бийтлз хамтлаг, тэдний 1965 онд гаргасан "Rubber Soul" цомгийг "бут ниргэх" Брайны хүсэл тэмүүлэл, шаргуу хөдөлмөрийн үр дүн болсон ‘Pet Sounds’ цомог нь тухайн үедээ маш өндөр өртгөөр бүтсэн юм. Өртөг нь тухайн үеийн ханшаар 70 гаруй мянган ам.доллар (одоогийн ханшаар 650.000 ам.доллар) болсон нь маш олон хөгжмийн зэмсэг, бичлэгийн нарийн төвөгтэй элементүүд орсонтой холбоотой юм. Хожим Брайн Уилсон: "Их Британид ‘Pet Sounds’ цомгийг маш сайхан хүлээж авсан ч борлуулалт маш муу байсанд үнэндээ гонсгор байлаа. Сонсогчид миний уран бүтээлээс татгалзсан юм шиг надад санагдаж байлаа" хэмээн дурсан ярьсан байдаг. 

Цомгийн хамгийн эхний сингл болох "Caroline, No" дуу нь Их Британид төдийлөн амжилт олж чадаагүй тул лебэл компаниас "Sloop John B" синглийг шуурхай гаргах болсон байна. Гэвч Б.Уилсон "Caroline, No" дууг ‘Pet Sounds’ цомгийн хамгийн шилдэг дуу бөгөөд өөрийнхөө бичсэн хамгийн дуртай дуугаа хэмээн нэрлэсэн байдаг. 

"Sloop John B" дуу нь Бахам ардын дуу бөгөөд гарсан даруйдаа чартуудад дээгүүр байр эзэлсэн юм. 

Харин цомгийн гурав дахь албан ёсны синглээр "Wouldn't It Be Nice" / "God Only Knows" дууг гаргасан ба "Rolling Stone" сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтын №25-т багтсан байдаг. Энэхүү дууны тухай манай сайтын "Шилдэг дуу" буланд дэлгэрэнгүй нийтэлсэн нь бий.  

"Pet Sounds" цомог:

А тал:

1. "Wouldn't It Be Nice" 2:25
2. "You Still Believe in Me" 2:31
3. "That's Not Me" 2:28
4. "Don't Talk (Put Your Head on My Shoulder)" 2:53
5. "I'm Waiting for the Day"3:05
6. "Let's Go Away for Awhile" 2:18
7. "Sloop John B" 2:58

В тал:

1. "God Only Knows" 2:51
2. "I Know There's an Answer" 3:09
3. "Here Today" 2:54
4. "I Just Wasn't Made for These Times" 3:12
5. "Pet Sounds" 2:22
6. "Caroline, No" 2:51

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл