Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №4 Stevie Wonder, "Songs in the Key of Life"
Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №4 Stevie Wonder, "Songs in the Key of Life"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Stevie Wonder, "Songs in the Key of Life"

Гарсан он: 1976 он
Төрөл: R&B, прогрессив соул, Авант-поп
Үргэлжлэх хугацаа: 104:29
Лэбэл: Tamla

Америкийн домогт дуучин, хөгжимчин, дуу зохиогч Стевланд Харвэй Моррисыг бид бүхэн тайзных нь нэрээр буюу Стив Вондер гэдгээр нь андахгүй мэднэ. Төрөлхийн хараагүй тэрээр 25 удаа Гремми наадмаас шагнал хүртэж, 100 гаруй сая хувь цомог борлуулж, шилдэг хит дуунуудыг зохиож, дуулсан хорьдугаар зууны хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг юм. Дөрвөн настайгаасаа сүмийн найрал дуу дуулж, төгөлдөр хуур, аман хуур, бөмбөр зэрэг хэд хэдэн хөгжмийн зэмсэг тоглож сурсан байдаг. 

Тэрээр маш олон гайхалтай цомгуудыг хөгжмийн ертөнцөд өв болгон үлдээсэн байдаг ч өнөөдрийн бидний танилцуулж буй "Songs in the Key of Life" хэмээх хос цомог бол түүний хамгийн шилдэг цомог нь билээ. 1976 онд гаргасан түүний студийн 18 дахь цомог болох "Songs in the Key of Life" цомог нь өндөр хүлээлт дор гарсан цомог юм. Учир нь 1975 оныг хүртэл Стив Вондер амжилтын оргилд хүрээд байсан ч хөгжмийн ертөнцийг үүрд орхихоор шийдэж Гана улсад цагаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах талаар шийдсэн байдаг. Бүр фенүүдтэйгээ салах ёс гүйцэтгэх тоглолт хүртэл зохион байгуулахаар зэхэж байсан гэдэг. Эцсийн мөчид тэрээр бодлоо өөрчлөн Motown компанитай маш том гэрээ байгуулсан нь бидний өнөөдөр танилцаж буй "Songs in the Key of Life" цомгийн эхлэл байлаа. Гэрээний нийт үнийн дүн нь 37 сая ам.доллар байсан нь тухайн үедээ хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ байлаа. 

Хөгжим судлаачид тус цомгийг бүх цаг үеийн хамгийн агуу цомгуудыг нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг ба Стив Вондерийн цомгуудаас хамгийн их борлуулалттай цомог болж чадсан юм. 19 дэх Гремми наадмаас "Oны шилдэг цомог" шагналыг хүртэж 2005 онд Конгрессийн номын санд "Соёл, гоо зүйн түүхэн ач холбогдолтой бүтээл" тодотгол дор үүрд хадгалах болсон байна. 

Тус цомгоос таван дууг сингл хэлбэрээр гаргасан байдаг ба энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд хамгийн сүүлийн сингл болох As дууг онцолж байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл