"Таны заавал сонсох 500 цомог" №45 Prince, "Sign O' the Times"
"Таны заавал сонсох 500 цомог" №45 Prince, "Sign O' the Times"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Prince, "Sign O' the Times"

Гарсан он: 1987 он
Төрөл: R&B, Фанк, Рок
Үргэлжлэх хугацаа: 80:06
Лэбэл: Paisley Park, Warner Bros

Америкийн алдарт дуучин, дуу зохиогч, хөгжимчин, продюсер асан Принц Рожерс Нелсон (1958-2016) буюу та бидний сайн мэдэх Принц 20 настайдаа анхны For You (1978 он) цомгоо гаргаснаас хойш амьдралын сүүлийн мөч хүртэл дуу хөгжмөөсөө алхам ч хөндийрөөгүй байдаг. Тэрээр жил дараалан, зарим жилүүдэд бүр хоёр ч цомог гаргаж хөгжмийн ертөнцөд асар их өвийг үлдээсэн уран бүтээлч юм. Тэрээр зохиосон дуугаа өөрөө дуулахаас гадна олон хамлаг дуучдад дуугаа өгдөг байсан бөгөөд өөрийнхөө нэрээр бус нууц, зохиомол нэрээр дуунуудаа ч өгч байсан юм. Түүний зохиосон ойролцоогоор 1000 гаруй дуу байдаг гэсэн тооцоо байдаг ба дэлхий даяар 150 сая гаруй хувь цомгоо борлуулж чадсан бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчдийн нэг байлаа. 

Дуучин Принцийн албан ёсны бүртгэлтэй 39 цомгоос хамгийн алдартай нь өнөөдөр та бидний танилцах гэж буй 1987 онд гаргасан "Sign O' the Times" цомог юм. Тус цомог нь Принцийн ес дэх студийн цомог бөгөөд 16 дуу бүхий хос цомог юм. 

"Sign O' the Times" цомгоос  "Sign o' the Times", "If I Was Your Girlfriend", "U Got the Look", "I Could Never Take the Place of Your Man" зэрэг дуунуудыг сингл хэлбэрээр цацсан нь олон орны хит жагсаалтуудыг тэргүүлж байлаа. Мөн түүнчлэн албан ёсоор синглээр гаргаагүй ч хөгжим сонирхогчдын дунд хит болж чадсан "Purple Rain" дууг дурдах нь зүйн хэрэг. 

2020 оны есдүгээр сард Принцийн бүрэн хэмжээний цуглуулга цомог компакт диск болон пянз хувилбараар гарсан ба энэхүү цуглуулгад "Sign O' the Times" цомгийн бичлэгийг бүрэн хэмжээгээр сэргээж дахин хэвлэсэн байдаг. 

 Манай сайтын "Онлайн радио 24/7" буланд Принцийн хит жагсаалтыг оруулсан ба та эндээс түүний бүхий л хит дуунуудыг сонсож болох юм. Мэдээж энд "Sign O' the Times" цомгийн дуунууд багтсан. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл