100 кино-100 дуу: "Stayin' Alive"
100 кино-100 дуу: "Stayin' Alive"

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн "100 кино-100 дуу" цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулж байна.

 

"Stayin' Alive"

Киноны нэр: "Saturday Night Fever"
Дууны нэр: "Stayin' Alive"
Дуу зохиогч: Бий Жийс

70-аад оны сүүлч 80-аад оны эхэн үед диско хөгжим дэлхий нийтийг байлдан дагуулж байсан цаг. Чухам тэр л үед бүжигт, драммын нэгэн гайхалтай кино бүтээгдсэн нь "Saturday Night Fever" байлаа. Идэр залуухан Жон Травалтогийн голд дүрд нь тоглосон тус кино амжилтын оргилд хүрэхэд кинонд эгшиглэх Бий Жийс болон диско хөгжмийн эрин үеийн хит дуунууд чухал нөлөө үзүүлсэн байдаг. 1977 онд бүтээгдсэн "Saturday Night Fever" кино нь соёлын хувьсгал хийсэн бүтээл юм. Тэр ч утгаараа 2010 онд "Saturday Night Fever" киног "Соёл, гоо зүйн түүхэн ач холбогдолтой бүтээл" тодорхойлолт дор Конгрессийн номын санд үүрд хадгалах болсон байдаг. 

"Saturday Night Fever" нь 3.5 сая ам.долларын өртгөөр бүтээгдсэн ч нээлтээ хийсэн эхний 24 хоногийн дотор орлого нь хэдийнээ 25 сая ам.долларыг даваад байлаа. Өнөөдөр тус кино нийт 237 сая ам.долларын ашиг олсон нь "Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино" жагсаалтад дээгүүр байр эзлэх бүтээл болжээ.

Тус кино 21 дэх удаагийн Гремми наадмаас дөрвөн шагнал хүртсэн нь бүгд киноны дуунд өгсөн шагналууд байлаа. Кинонд нийт 17 дуу эгшиглэдгээс "Stayin' Alive", "How Deep Is Your Love", "Night Fever", "More Than a Woman" зэрэг Бий Жийс хамтлагийн супер хит зургаан дуу багтдаг байна. 

 

Киноны хөгжим бүхий цомгуудаас бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгоор Уитни Хьюстоны "Бие хамгаалагч" киноны хөгжмийн цомог 45 сая хувь борлуулагдсан амжилтаар тэргүүлдэг бол өнөөдөр бидний танилцуулж буй "Saturday Night Fever" киноны цомог 40 сая борлуулагдсан амжилтаар дэд байрт эрэмбэлэгддэг байна. 

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо танилцуулах гол дуу бол Бий Жийс хамтлагийн "нэрийн хуудас" болсон "Stayin' Alive" юм. 1978 онд уг дуу "Биллбордын шилдэг 100 дуу" жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлсэн байдаг. Анх дууны нэрийг киноны нэрээр буюу "Saturday Night Fever" хэмээн нэрлэх саналтай байсан ч эцсийн бүлэгт ‘Stayin’ Alive’ нэрэн дээр тогтсон байна. Энэхүү дуу нь диско хөгжмийн эрин үеийн сүлд дуу болтлоо дэлхий нийтэд алдаршжээ. 

Дараагийн дугаарт 1967 онд бүтээгдсэн "The Graduate" киноны алдарт "Mrs. Robinson" дууг танилцуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл