100 кино-100 дуу: Theme from New York, New York
100 кино-100 дуу: Theme from New York, New York

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн "100 кино-100 дуу" цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулж байна.

 

Rock Around the Clock

Киноны нэр: "New York, New York"
Дууны нэр: "Theme from New York, New York"
Дуу зохиогч: Фред Эбб (үг), Жон Кандер (ая) 

1977 онд бүтээгдсэн хөгжим драмын "New York, New York" кинонд жазз саксфончин (жүжигчин Роберт Де Ниро) дуучин бүсгүйд дурласан тухай үйл явдал гардаг болохыг үзэгч та санаж байгаа биз ээ. Уг кино төдийлөн ашиг орлого чадаагүйгээр үл барам алдагдалд орсон хэдий ч киноны "Theme from New York, New York" дуу нь жазз хөгжмийн урсгалд шинэ стандарт тогтоож чадсанаараа алдаршсан байдаг. Уг дууг киноны эмэгтэй гол дүрийн жүжигчин болох Лиза Миннелли анхлан дуулж үзэгч, сонсогчдын хүртээл болгосон ч дэлхий нийтээрээ 1980 онд домогт Фрэнк Синатрагийн дуулсан хувилбараар илүүтэй мэддэг билээ. 

Фрэнк Синатра 1980 онд гаргасан "Trilogy: Past Present Future" цомогтоо өөрийн ковер хувилбарыг бичүүлсэн байдаг ба тэр цагаас хойш "Theme from New York, New York" дуу нь түүний нэрийн хуудас болсон дуугаар нэрлэгдэх болсон байна. Өнгөрсөн хугацаанд Френк Синатра ихэвчлэн ганцаараа дуулж ирсэн байдаг ч уг дууны анхны дуучин болох Лиза Миннеллитэй ч хамтран дуулж байжээ. 

Өнөөг хүртэл Нью Йорк хотын тухай "Theme from New York, New York" дуунаас илүү гарах дуу гараагүй л байгаа нь энэхүү дууны хэр чансаатай дуу болохыг илтгэх биз ээ. Лиза Миннелли энэхүү дууг Нью Йорк хотын бэлэг тэмдэг болсон алдарт Эрх чөлөөний хөшөөг дахин сэргээн засварлах ёслолын үеэр (1986 онд) болон 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын дараа (Нью Йоркын ихэр цамхаг сүйдсэн) олон нийтийн өмнө дуулж байжээ.  

Энд нэгэн сонирхолтой түүх өгүүлэхэд Нью Йорк хотын Янки баг талбайдаа хийсэн тоглолтын төгсгөлд хэрэв ялалт байгуулбал Френк Синатрагийн хувилбарыг, харин ялагдсаных нь дараа Лиза Миннеллигийн хувилбарыг эгшиглүүлдэг уламжлал тогтоод байжээ. Харин Лиза Миннеллигийн гомдлын дагуу тэмцээний үр дүнгээс үл хамааран Фрэнк Синатрагийн хувилбарыг тоглолт бүрийн төгсгөлд явуулах жишиг тогтсон байна.

Хэдийгээр  "New York, New York" кино нь оскарын шагнал хүртэж чадаагүй ч тус киноны "Theme from New York, New York" дууны хөгжим дээр нь түшиглэн 1983 онд бүтээгдсэн "SUNDAE IN NEW YORK"  богино хэмжээний хүүхэлдэйн кино нь оскарын шагнал хүртсэн байдаг.  

 

Дараагийн дугаарт 1957 онд бүтээгдсэн "Jailhouse Rock" киноны алдарт "Jailhouse Rock" дууг танилцуулах болно.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл