СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-27

Улаанбаатарыг Үбэржүүлье: BEECO-гийн залуусын туршиц

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

         

 

BEECO: ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ ХЯЛБАРХАН ШИЙДЭХ АРГА БОЛ ТЕХНЕЛОГИ ЮМ 

 “Улаанбаатарыг Үбэржүүлье” хэмээн www.LiveTV.mn сайт асуудал хөндсөн нийтлэл бичсэн билээ. Уншигчдын зүгээс талархал хүлээсэн энэхүү нийтлэлийг бид үргэлжлүүлж, ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь технологийн аргаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа түгжрэлийг бууруулахаар ажиллаж байгаа BEECO компанийн залуустай хийсэн энэхүү ярилцлага юм. Шийдэх ийм энгийн арга байхад Улаанбаатар хотын захирагч С.Батболд юу хүлээгээд сууна вэ? Тэдний багийг сонгогчид Улаанбаатарыг аз жаргалтай болгож өг хэмээн сонгосон биз дээ.

Дараагийн удаад бид та бүхэндээ илүү сонирхолтой зочныг урьж уулзуулан энэ сэдвээр үргэлжлүүлэх болно.

 

Өмнөтгөл: АНУ болон Япон улсад мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн залуус нэгдэж “Прайм Технологи Солюшн” ХХК компанийг байгуулжээ. Beeco-Замын унаа апп тэдний  анхны төсөл. Beeco-замын унаа апп нэг чиглэлд явах иргэдэд нэгнийхээ унаанд хамт явж, зардлаа хэмнэх боломж олгодог давуу талтай. Тэд өнгөрсөн жил Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Дойчэ Вэллэ” телевизээс Азийн орнуудын старт-аппуудын дунд зарласан “Founders Valley” уралдаанд амжилттай оролцож "Popular Choice Award" шагнал хүртсэн байна. Энэхүү баярт үйл явдал залууст хийж бүтээх урам зориг хайрласан  гэнэ. Beeco-Замын унаа апп-ыг зохиогчдын нэг, “Прайм Технологи Солюшн”  компанийн гүйцэтгэх захирал Б.Очирбаттай ярилцсанаа хүргэе.

 

 

 ТҮГЖРЭЛИЙГ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АРГААР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

 

Замын түгжрэл Улаанбаатарын хүмүүсийг хамгийн их бухимдуулж байгааг олж харсан

 

 -Beeco-Замын унаа апп олны сонирхлыг татаад эхэллээ. Хийх санаа хэрхэн төрөв.  Энэ нь хүмүүст ямар давуу талтай вэ?

-Бид Монголдоо ирээд энэ ажлын санааг анх олж байлаа. Бизнес хамтрагч А.Ууганбаатар  Японоос, харин би Америкаас ирсэн байв. Эх орондоо ирээд л тулгамдсан олон асуудал байгааг анзаарсан. Тэр дундаа замын түгжрэл Улаанбаатарт ажиллаж, амьдарч буй хүмүүсийг хамгийн их бухимдуулж байгааг олж харсан. Бид уулзаад хотод үүссэн энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар ярилцсан юм. Өөрсдийн хувь нэмрээ үзүүлье, асуудал нь хаана байгааг олж, түүн дотроос боломж байгааг харъя гэж бодсон. Товчхон хэлбэл, түгжрэлийг мэдээлэл технологийн аргаар шийдэж болох боломжийг хайж харсан гэсэн үг. Монголд такси үйлчилгээ нэгээс хоёр хүнтэй л явдаг. Тухайлбал, Вива Сити-гээс хотын төв рүү өдөр бүр явдаг дөрвөн хүн машинтайгаа замд түгжирч байснаас нэг чиглэлд явдаг нэгнийхээ машинд сууж зардлаа хувааж төлөөд ажилдаа очвол хоосон явах машины тоо багасч замын түгжрэл багасах юм. Цаг хугацаа ч хэмнэнэ, ажлаасаа ч хоцрохгүй. Замын түгжрэлийн асуудлыг дөрвөн хүн шийдэж болж байгаа юм бол 40 хүн, цаашлаад 400 мянган хүн яагаад шийдэж болохгүй гэж. Ингэвэл өдөр бүр тулгардаг замын түгжрэлийн асуудлыг хөнгөхөн хялбар аргаар шийдэж болох нь гэж үзээд апплейкшн зохиосон. Манай апп жолооч нарт бага мөнгөөр бензин хэмнэх, мөн нэг чиглэлд явж буй хүмүүс нэгнийхээ машинд сууж тухтай явах боломж олгодог. Бас зорчигчийг тохилог унаанд суух сонголтыг олж өгч буй юм. Жолооч, зорчигч  утсаар ярих, SMS бичих, апп дотроос хоорондоо чатлах бүрэн боломжтой. Энэ нь гадны орнуудад хэдийнэ нэвтэрсэн ч Монголд анхных нь юм. Бид апп-аараа дамжуулан иргэдэд чиглэл болон цагийн хязгаарлалтгүй, хямд тохитой явах нэмэлт сонголт бий болгосондоо сэтгэл өндөр байна.

-Апп-аар дамжуулан хүргэх гол зорилгыг чинь сонирхож болох уу?

-Нийслэл Улаанбаатар хот замын түжрэлд жилд 56 тэрбум төгрөгийн шатахуун үнэгүй зарцуулж, 360 цагийг үр бүтээмжгүй алддаг гэсэн судалгаа бий. Түгжрэлээс болж хүн өдөрт амжуулах гурван ажлынхаа нэгийг л амжуулж байна. Өөрөөр хэлбэл, бид маш их цаг, мөнгө замын түгжрэлд алдаж буй. Тэгэхээр апп-аараа дамжуулан хүрэх гол зорилго маань Улаанбаатар хотод яваа автомашины тоог бууруулж, замын түгжрэлийг багасган, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Бид замын түгжрэлийг бууруулахаас гадна машины яндангаас ялгарах хорт утааны хэмжээг багасгах зорилготой. Цаашлаад түгжрэлд алдаж буй цаг, мөнгийг хэмнэнэ. Манай апп-ыг ашигласнаар иргэдийн аюулгүй байдал сайжирна. Хэрэглэгчид бүгд бүртгэлтэй. Унаагаа сонгохдоо зорчигчдын жолоочийг үнэлсэн дүгнэлтийг харж болно. Хэн хэний ямар машинд суухаа урьдчилаад мэдчихнэ. Энэ нь танихгүй хүний машинд сууж юмаа мартаад буулаа гэхэд эргээд холбоо барих бүрэн боломжтой. Мөн апп-аараа дамжуулан хамжаа эдийн засгийн ойлголтыг түгээх зорилготой. Товчхон хэлбэл,  зам, цаг, шатахуун зэрэг хязгаарлагдмал нөөцийг ухаалгаар хэрэглэж, автомашинаа хуваалцсанаар зорьсон газраа хэдэн машины өмнө, хэдэн минутын өмнө очих болно.  Жолооч нийгмийн харилцаагаа сайжруулахаас гадна эдийн засгийн хэмнэлт гаргана. Жишээ нь, баасан гаригийн 17.30 цагт дөрвөн хүн авч явна гээд аппдаа оруулчихна, харин зорчигч аппаас өөртөө тохирсон унаа байгаа эсэхийг хараад жолоочоо сонгоно. Манай Вeeco-Замын унаа гэсэн апп-аас такси дуудах боломжгүй. Үбэр бол такси дууддаг апп. Тэгэхээр бидний зорилт, бүлгүүд өөр. Бид хотод явж буй автомашины тоог багасгая, үүнээс үүдэлтэй яндангийн хорт утааг багасгая, мөн иргэдэд эдийн засгийн хэмнэлт гаргах боломж олгоё, нийгэмд нэмэлт унааны сонголтыг нэмж өгье гэсэн зорилготой апп зохиосон. Үбэрээс ялгарах үндсэн гол зүйл ерөөсөө энэ. 

-Cудалгаа хийж апп-аа туршиж үзэв үү. Хүмүүс хэр хүлээж авч байна вэ?

-Бид судалгааг өөрсдийн тодорхой хүрээнд хийж хангалттай мэдээлэл авсан. Бидний судалгааг хараад олон жолооч “Энэ хэрэгжүүлж болох аятайхан санаа байна” гэсэн бол иргэд “Цаг хэмнэх нь тун зөв санагдлаа” гээд дэмжиж байгаа. Энэ санаан дээрээ тулгуурлаад бид 2017 оноос кодоо бичиж, дизайн гаргаж бүх схемээ гарган жилийн дараа энэ аппаа  албан ёсоор нийтэд гаргасан. Android болон IOS гэсэн гол хоёр үйлдлийн систем дээр ажилладаг. Онцлох зүйл гэвэл энэ нь монгол залуучуудын бүтээл. Бид гаднаас код аваад өөрсдөдөө тааруулж өөрчилж хийгээгүй. Ингэх боломж байсан ч өөрсдөө зориод хийе гэж шийдсэн. Анх судалгаа явуулж байхдаа хүмүүст туршаад апп-аа хэрэглүүлж үзсэн. Одоогоор 3000 хэрэглэгчтэй, 50 гаруй автомашин явж байна. Есдүгээр сард манай хэрэглэгчид эрс өссөн.

                  

BEECO АПП-ЫГ ХЭРЭГЛЭХЭД ҮНЭГҮЙ, НЭВТРҮҮЛЭХЭД ХЯЛБАР

 

 

-Замын түгжрэл ихэссэн өнөө үед хамгийн зөв шийдэл гэж ойлгож болох уу?

-Түгжрэлийн эсрэг авч байгаа арга хэмжээнүүд ямар нэгэн байдлаар хүний эрхийг хязгаарласан, эсвэл хөрөнгө, цаг хугацаа шаардсан байдаг. Beeco апп-ыг хэрэглэхэд үнэгүй, нэвтрүүлэхэд хялбар. Ухаалаг утастай хүн бүр татаж авч суулгаад хэрэглэх боломжтой. Өнөөгийн эдийн засгийн хямралтай үед нийгэмд ээлтэй, иргэдэд хэмнэлттэй, хамгийн зөв хэрэгтэй шийдэл гэж бодож байна.

-Монголд замын түгжрэлээс болоод ажилдаа хоцрохгүй ирдэг хүн ховор боллоо. Ажилдаа ирэхдээ, ажлаасаа харихдаа бүтэн цаг зарцуулдаг нь худлаа биш л дээ?

-Хүмүүс зорьсон газраа хүрэх гэж дор хаяж хоёр цаг зарцуулдаг. Энэ  нь эдийн засгийн далд буюу шууд алдагдалд оруулсаар байна. Ажлаа хийж байх ёстой цаг хугацаагаа жолооны ард түгжирч өнгөрүүлэх нь тийм ч таатай зүйл биш. Бидний харж буй гол нөлөө бол замын түгжрэлийн асуудлыг шийдэх. Дугаарын хязгаарлалтаас гадна замаас автомашины тоог идэвхтэйгээр бууруулах юм. Улаанбаатарыг 10 мянган автомашин, 600 мянган оршин суугчдад зориулж байгуулсан хот. Гэтэл өнөөдөр нийслэлд дугаар хязгаарласан хэр нь 250 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцож, 1,5 сая хүн амьдарч байгаа. Монголд энэ асуудлыг нийтийн тээврээ сайжруулах, гэрлэн дохионы зохицуулалт, нэгдүгээр эгнээний тусгай гэрлэн дохионы зохицуулалт хийх, үбэр гэх мэтчилэн цогц маягаар шийдэж болно.

-Одоогоор хүн болгон апп хэрэглэж үзээгүй байна. Энэ талаар тодорхой мэдээлэл аваагүй байгаа нь ажиглагдлаа?

-Манай апп-ын гол үндсэн ажилладаг зарчим нь халтуур хийж, ашиг олох гэсэн хүмүүсийн хэрэгцээнд нийцэхгүй. Яагаад гэвэл манай апп-ыг хийхдээ хүмүүс өмнө нь заавал төлөвлөж оруулдаг гэсэн үг. Тухайлбал, би өнөөдөр Модны 2-оос Вива Сити рүү орой 17.30 цагт явна гэж хийсний үндсэн дээр жолооч мэдээлэл авч тухайн зорчигчийг хайж олдог. Такси үйлчилгээ бол хэрэгцээ гарангуут өндөр үнээр үйлчилдэг. Одоо хүмүүс апп хэрэглэж утсаар холбогдоод үйлчлүүлж байна. Манай апп төлөвлөгөө шаарддаг тул ашиг олоход бол бага. Хүмүүсийн ихэнх нь ажил тарах эсвэл сургууль, цэцэрлэгээс хүүхдээ авах үеэр их ашиглаж байгаа нь анзаарагдсан. Сүүлийн үед хүмүүс хэрэгцээндээ тулгуурлаж бидэнд үүнийгээ сургууль, цэцэрлэгийн  хүүхдийг хичээлд нь хүргэх хүргэлт болгож өөрчлөөч гэсэн санал ирүүлж байгаа. 

 

БИД “БИ” ГЭЖ ДАЙРАХ БИШ ХООРОНДОО УХААЛГААР ЗОХИЦОХ ЁСТОЙ

 

Дэлхийн олон оронд ийм технологи амжилттай хэрэгжиж буй. Манайд оновчтой байх хэлбэр нь л чухал.  

 

-Жолооч нарын замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог байдал түгжрэл үүсэх бас нэг шалтгаан болдог шүү дээ?

-Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь иргэний үүрэг. Энэ нь хувь хүний ухамсрын асуудалтай холбоотой. Бухимдсан хүмүүс гэр рүүгээ, ажил руугаа яарч нэгнийхээ өмнүүр дайран орох үзэгдэл замын түгжрэлийн асуудлыг улам нэмдэг. Тэгэхээр зохион байгуулалт, хот төлөвлөлтийн асуудлыг зөв хийх асуудал харагдаж байна, нөгөө талаас замын хөдөлгөөнд соёлтой оролцож сураагүйн үр дагавар. Дээр өгүүлсэн хамжаа эдийн засгийн энэ ойлголтыг монголчууддаа түгээе. Хязгаарлагдмал нөөцөө үр дүнтэй хоорондоо хувааж ашиглая. Дөрвөн хүн хуваалцаж ашигласан бол дөрвүүлээ зорьсон  газраа хурдан очно. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Бид би гэж дайрах биш хоорондоо ухаалгаар зохицох ёстой юм. Ийм ухамсар, боловсрол, нийгмийн хариуцлагыг нэвтрүүлье. Цагаа барь, нэг нэгнээ хүндэлж, хандлагаа өөрчил, соёлтой харилц, баярлалаа, баяртай гэдэг үгийг хэлж суръя.

-Хотоос алслагдмал дүүргүүдийн, мөн унааны хүрэлцээ муутай газрын хүмүүс апп хэрэглэж байгаа болов уу гэсэн бодол төрлөө?

-Тийм ээ. Бүсчлээд үзэхэд хотын төвөөс алслагдмал, эсвэл хүн ам ихтэй нийтийн тээвэр хүрэлцээ муутай захын дүүргүүдийн иргэд төв рүү орж ирэхдээ манай апп-ыг их ашигладаг. Замын түгжрэлээс болж онигоо хүртэл гарсан байна. Солонгос руу онгоцоор ниссэн хүн тэнд буугаад амарч байхад монголд түгжирсэн хүмүүс гэртээ харьж амжаагүй явна гэдэг хошин яриа бий. Монголчууд өмнө нь ийм апп хэрэглэж байгаагүй. Тиймээс бид хийж буй ажил, зорьж буй зүйлээ эх орондоо эхлээд нутагшуулъя, хэвшүүлэн дасгая, бас ойлгуулж дадуулъя. Есдүгээр сараас ачаалал ихэссэн болохоор хүмүүс энэ зүйл рүү анхаарлаа хандуулж эхэлсэн. Бидний гол зорилго бол манай апп дуудлагын такси үйлчилгээнээс өөр болохыг иргэдэд зөв ойлгуулах юм. Бид нийгмийн ямарваа асуудлыг шинэ технилоги, IT, программ, интернэт ашиглаад асуудлыг цогцоор нь шийдэж болно гэдгийг харуулахыг зорьж байна.

-Монголд нийгмийн бухимдалтай асуудал олон бий. Тэр дундаа замын түгжрэл хүмүүсийн уурыг хүргэж, хуурамч бухимдал үүсгэж байна шүү дээ?

-Монголчууд ийм зүйлд хамаг цагаа алдаж, цухалдан бухимдах шаардлагагүй. Хүний үндсэн гол хэрэгцээ унтах, идэх мөн хөдлөх. Хөдөлгөөн хүний амьдралын гол эх үүсвэрийн нэг байдаг. Хүний хэрэгцээний хамгийн гол зүйл манайд замын түгжрэлээс болж хязгаарлагдаж байна. Тэгэхээр цаг хугацаа, ажил хөдөлмөр гээд амьдралын ихэнх зүйл зогсонги байдалд орж байна. Хөдөлгөөн зогсохоор бие, хөгжил зогсоно. Улаанбаатарын агаарын бохирдлын 10-20 хувь автомашинаас үүдэлтэй. Тиймээс хорт утааны хувь хэмжээг багасгая, автомашины тоо, замын түгжрэлийг бууруулъя, эдийн засгийн хэмнэлтийг үзүүлье, нийгмийн харилцааг дээшлүүлье, хувь нэмрээ оруулъя гэсэн бидний зорьж буй ажил маань Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн зарим ажилтай зорилго нэгтэй байгаа юм билээ.          

 

BЕЕСО НЬ ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ БАЙ ГЭСЭН ҮГИЙН ТОВЧЛОЛ

 

Бид зорьж буй зүйлээ эх орондоо эхлээд нутагшуулъя, хэвшүүлэн дасгая, бас ойлгуулж дадуулъя

 

-Хүмүүс танай пэйж хуудас руу чинь апп-ын талаар сэтгэгдэл бичиж байна уу?

-Beeco-Замын унаа апп фэйсбүүк фэйж, Beeco-Замын унаа апп хэрэглэгчдийн групп рүү ороод хүмүүс “Энэ их хэрэгтэй зүйл байна. Ийм шинэлэг зүйл нэвтрүүлж байгаад баярлалаа, олон хүнд хэрэг болох мэдээлэл байна, хэрэгжүүлээд эхэлсэн шүү” гээд сэтгэгдлээ бичсэн байдаг. Манай апп-ыг татаж аваад хэрэглэхэд үнэгүй. Хамгийн гол нь жолооч, зорчигч хоёр хоорондоо зохицох юм. Апп бол ийм боломжийг олгож буй хэрэгсэл. Түүнээс биш бид такси үйлчилгээний байгууллага биш л дээ.

-Манай сайтын уншигчдад та өөрийгөө танилцуулаач?

-Намайг  Б.Очирбат  гэдэг. Beeco-Замын унаа апп зохиогчдын нэг, “Прайм Технологи Солюшн”  компанийн гүйцэтгэх захирал. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай компанийн үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл www.beeco.mn гэсэн вэб хаягаар ороод үзэж болно. BЕЕСО гэдэг нь эдийн засаг болоод экологи байгальд ээлтэй бай гэдэг үгийн товчлол юм. Миний Америкт ажиллаж байсан компани цахим аюулгүй тал дээр өндөр шаардлага тавьдаг байв. Тиймээс монголын IT-гийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя гэж бодож байгаа. Монголчуудад IT, программ, компьютер гэхээр веб сайт гэж ойлгодог өрөөсгөл ойлголт бий. Сүүлийн үеийн дэвшилтэт энэ технологиор бид олон тулгамдсан асуудлыг шийдэж болно. Бидний энэ зорьж буй ажлын цаана олон эерэг харагдах зүйл бий. Иргэн хүн эх орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах ёстой. Асуудал нь байхад бид яагаад зүгээр суух ёстой гэж. Тэгэхээр өдөр тутамд тулгарч байгаа олон асуудлыг энэ технологиор шийдэх боломжтой.

 

 БИД ДЭВШИЛД ХҮРЭХИЙН ТУЛД ЗОГСОЛТГҮЙ ХӨГЖИЖ БАЙХ ЁСТОЙ

 

Дэлхийн олон оронд ийм технологи амжилттай хэрэгжиж буй. Манайд оновчтой байх хэлбэр нь л чухал.

 

-Апп хэрэглэгчдэд зориулсан ямар нэгэн урамшуулал бий юу?

-Манай түнш Тэнгис кино театр. Бид хэрэглэгчдэдээ Тэнгис кино театрт 33 хувь хөнгөлөлт эдлэн үзвэр үзэх эрх өгч байгаа. Хэрэглэгч та Beeco-Замын Унаа апп татаж аваад урамшуулал гэсэн цэс рүү орж, Тэнгис кино театрын лого дээр дараад л үзвэрийн хос тасалбараас 33 хувь хөнгөлүүлнэ. Касс дээр апп-аа харуулснаар энэ хөнгөлөлтийг эдэлнэ. Автомашинтай хэрэглэгчдэдээ өгч буй өөр нэг урамшуулал бол “Акума Эрин” компанийн Улаанбаатар хот доторх бүх салбарыг зорьж очоод автомашиныхаа явах эд ангийн оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой. Урамшууллын хугацаа энэ 9 сарын 30 хүртэл үргэлжилнэ. Энэ мэтчилэн бид хэрэглэгчдэдээ боломж олгож урагшуулал, хөнгөлөлт өгч буй. Хэрэглэгчид манай апп-ыг эерэгээр хүлээн авч байгаад таатай байна. Манай апп-ыг Google-н Playstore болон Apple-н Appstore дээрээс “Beeco-Замын унаа апп” гэж хайгаад суулгаж болно.

 

А.УУГАНБААТАР: МОНГОЛЫН НӨХЦӨЛД БИДНИЙ АПП ХЭРЭГЖИЖ БОЛОХООР САНАГДСАН

 

 

Beeco-Замын унаа апп-ыг зохиогчдын нэг, “Прайм Технологи Солюшн”  компанийн үүсгэн байгуулагчдын нэг

 

 -Би Японоос Монголд ирсний дараа юу хийх вэ гэж нэлээд бодсон. Яг тэр үед Б.Очирбат Америкаас ирж таарсан. Бид ямар төсөл хийх вэ гэж ярилцаж байгаад энэ төслийг эхлүүлсэн. Бизнесийн зорилготой апп зохиогоод мөнгө олох боломжтой байсан ч нийгэмд хэрэгтэй шинэлэг зүйл хийе, тэр нь нийгэмд хамгийн их тулгараад байгаа асуудлыг шийддэг байх хэрэгтэй гэдэг санаа маань биднийг нэгтгэсэн. Бид олон тэрбум төгрөгөөр гүүр бариулж, зам тавиад автомашины түгжрэлийг зогсоож дийлэхгүй. Дээрээс нь хууль дүрэм гаргаж, татвар нэмээд, дугаар хязгаарласан ч хотын түгжрэлийг шийдэж чадахгүй байна. Үүнийг хялбархан шийдэх арга бол технелогийн арга юм. Хүмүүст хэцүү биш амархан байдлаар энэ бүхнийг технологийн аргаар шийдэх болох юм байна шүү гэдгийг л харуулахыг хичээсэн. Дэлхийн олон оронд ийм технологи амжилттай хэрэгжиж байгаа. Тэгэхээр манайд оновчтой байх хэлбэр нь л чухал шүү дээ. Монголын нөхцөлд бидний апп илүү хэрэгжиж болохоор санагдсан. Өглөө хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажил руугаа явахдаа ганцаараа биш хөршөө эсвэл нэг чиглэлд явдаг ойр орчны хүмүүсээ эсвэл байгууллагынхаа ажилтныг суулгаад явахад түгжрэл багасна. Манай апп-ыг хэрэглэж байгаа хүмүүс яваандаа хөршийн холбоо тогтоож нэг нэгнээ сайн таньж мэддэг болдог. Таньж мэдэх тусам тэдний хооронд итгэлцэл бий болно. Бид ирээдүйд унаагаа хуваалцаж, хамтарч явах энэ зарчмыг хүний өдөр тутмын хэрэглээ болгох, улмаар цаашид үүнтэй төстэй нийгэмд ашигтай ухаалаг шийдлүүдийг гарган монголчуудаа орчин үеийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгох зорилготой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.