СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хобби | 2018-09-14

Д.Цэрэнханд: Монгол банхар амьдрах нөхцлийн хувьд чонотой төстэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Нүүдэлчин монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг болсон Монгол банхар нохой нэгэн үе цөөрч байсан бол өдгөө тоо толгой нь 1000 хол давжээ. Манайд нохой үржүүлдэг 40 орчим үржлийн газар байдаг ч Олон улсын нохой судлалын холбоонд Монгол банхар албан ёсны бүртгэлгүй байдаг. Тиймээс тус холбоонд бие даасан үүлдэр болгон бүртгүүлэх зорилго өвөртөлж буй. Монголчууд нохойг ан ав хийх, орон гэр, мал, эд хөрөнгөө харж мануулахад ашиглаж ирсэн. Тиймээс сүүлийн үед Монгол банхарыг гаднынхан ихээхэн сонирхох болжээ. Чулуун зэвсгийн үетэй холбогдох хад, агуйд нохой дагуулсан анчныг дүрсэлсэн сүг зураг монголд ихээхэн бий. Энэ нь агуйгаар гэр орон хийж байсан эртний хүмүүст нохой хамгийн ойр дотных нь нөхөр байсныг гэрчилдэг. Нохой судлаачид "Монгол нохойн зүс нь хар халтар, зүрх цагаан. Аливаа орчинд дасан зохицох чадвараар гойд сайн. Сэтгэлзүйн хувьд тайван дөлгөөн, юм сурахдаа гадны нохой шиг хурдан шалмаг биш боловч зөнгөөрөө юмыг маш сайн мэдэрдэг. Амьтан хүн рүү үсэрч цовхчоод байдаггүй, шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Жирийн үед харц дөлгөөн, хөдөлгөөн болхи, баргил бүдүүн дуутай, унтахдаа үнэг шиг цагариглан хэвтэж цавиндаа хошуугаа шургуулдаг, дунджаар 15-20 жил насалдаг амьтан” гэж тодорхойлсон байдаг. Мөн Монгол нохойн сүүл нь төгсгөлдөө цайвар, согсоотой. Согсоо нь өөр үүлдрийн нохдод байдаггүй урт, хүйтний улиралд даардаггүй. Учир нь маш өтгөн, нягт ноолууртай, ноолуурын гарц нь 75 хувьд хүрдэг, энэ нь бүх сүүн тэжээлтэн амьтдын дотроос хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд бусдаас ялгарах, хосгүй чанаруудын нэг. Монгол нохойнд бусад үүлдрийн нохдод байдаг шиг сонин үнэр байдаггүй, түүний арьс үс нь гайхалтай цэвэр, сорлог, ер бусын өнгөлөг, бүтцийн хувьд булгатай ижил” хэмээн магтан бичсэн байдаг. Ингээд “Монгол банхар” судлалын холбооны тэргүүн, “Арслан” клубийн захирал Д.Цэрэнхандтай хөөрөлдсөнөө сонирхуулъя.

-Морь, нохой сонирхдоггүй Монгол эр хүн байдаггүй. Банхартай нөхөрлөх болсны гол зорилго юу вэ?

-Нохой бол миний хобби. Хүүхэд байх үеийн хүсэл мөрөөдөл минь аажмаар хобби болон хувирсан. 2003 онд Говь-Алтай аймгаас тууврын мал дагаж ирсэн банхар нохойг харчихаад “Бие томтой, үс зөөлөнтэй, ямар сайхан нохой вэ” гэж анх харж билээ. Гэтэл тэр нохой жингэр байсан. Тэр жингэрээс гарсан гөлгийг тэжээж, түүний үр төлийг нь цааш өсгөж үржүүлсэн. Монголд 1998 оноос хойш нохойн тэмцээн болж эхэлсэн. Тэмцээнээс нохойны өнгө зүс, бие физиологийн хөгжил, тэмцээнд оролцох байдлыг нь их хардаг байв. Нохой тэжээхэд ухаан, тэсвэр тэвчээр, арчилгаа их шаардана. Өртөг өндөртэй, зардал их гарна. Анх нохой тэжээж байх үедээ би оюутан байлаа. Сургуулиа дүүргэснээс хойш 2006-2007 онд сайн гөлөгтэй болох зорилго тавьж нийлүүлж эхэлсэн. Харин 2008 оноос тэжээсэн нохойгоо мэргэжлийн түвшинд судалж, уралдаанд оролцуулахаар бэлтгэсэн юм. Одоогоос найман жилийн өмнө Баянхонгор аймгаас авчирсан жингэр нохойны үр удам бий. Тэднээс тэмцээнд амжилттай оролцдог. 2013 оноос хойш “Монголын нохой судлалын холбоо”-ны дэргэд ажиллан “Арслан” клубээ байгуулж байлаа. Одоо өргөжиж  “Монгол банхар судлалын холбоо” болж үйл ажиллагаагаа явуулж байна.

-Үзэсгэлэн тэмцээнд оролцдог ноход өөрийн гэсэн бүртгэл мэдээлэлтэй байдаг юм билээ?

-Манай клубийн ноход бүртгэл мэдээлэлтэй.Тэмцээнд оролцож буй нохой өндөр үзүүлэлт үзүүлж байж байр эзэлдэг. Нохой болгон удмын бичигтэй. Удмын бичгийг нь хөтөлж явуулдаг. Тухайн нохойны өвөө эмээ, өвөө эмээгийнх нь эцэг эх, түүнээс дээших үе гээд удмыг нь тодорхойлдог юм. Манай ноход арьсан дороо суулгасан микро чиптэй. “Монголын нохой судлалын холбоо”-ны программд бүх нохойны мэдээлэл бий. Өөр өөрийн гэсэн кодтой. Үүгээрээ тухайн нохой тэр нохойны эцэг эх, өвөг эмэг нь, тэд дэх үеийнх нь гөлөг гэж ялгардаг. Манай нохдын удмын санд мэдээлэл нь тодорхой байдаг. Хамгийн гол нь нохойны удмын санг зөв хөгжүүлэх хэрэгтэй. Бидний үеийн нэг хэсэг залуус нохой тэжээн, хөгжүүлж, цусыг нь цэвэр байлгахын төлөө удмын санг нь хөтлөөд авч явж байгаа. Монгол банхарын тоо толгой хэдийнэ 1000 хол давсан. “Монголын нохой судлалын холбоо” 2009 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, 2016 онд Олон улсын нохой судлалын холбоонд элссэн. Тиймээс төв байгууллагынхаа дэргэдэх үүлдэр дагнасан клубүүд системтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Клубууд хоорондоо байнгын харилцаатай ажиллана. Үзэсгэлэн тэмцээнээс гадна нохой хөгжүүлэх тал дээр санал бодлоо солилцож үйл ажиллагаагаараа нэгддэг.

Хүн болгон ургийн овогтой байдаг шиг нохой ч гэсэн өөрийн гэсэн үржлийн нэртэй байх ёстой

 -Монгол банхар бусад үүлдрийн нохдоос юугаараа ялгарч чаддаг давуу талтай вэ?

Өвлийн цастайд нохойны үс гүйцэд ургаж, нэг үгээр хэлбэл хийморь нь сэргэж, улам сүрлэг болдог

-Монголчууд дөрвөн нүдтэй л бол банхар нохой гэж боддог. Тэгвэл Монгол банхар олон зүйлээр ялгардаг. Бие физиологийн хувьд, амьдрах орчин нөхцлийн хувьд ч чонотой их төстэй. Намар анхны цаснаар чонын ороо нь ордог. Монгол банхар чоно шиг жилдээ ганц гөлөглөдөг. Энэ нь ховордон устаж үгүй болох шалтгаануудынх нь нэг болдог байж болох юм. Идэр есийн хүйтнээр гөлөглөдөг тул байгалийн шалгарлаар амьдарч чадах нь үлддэг. Бусад үүлдрийн ноход жилд хоёр гөлөглөж 10 орчим жил насална. Хүмүүс үүнийг төдийлэн сайн мэддэггүй учир нохой жилд хоёр нас насалдаг гэж ярьдаг. Угтаа бол нохой жилд нэг л насална. Монгол банхар 15-20 жил насалдаг. Өвлийн цастайд нохойны үс гүйцэд ургаж, нэг үгээр хэлбэл хийморь нь сэргэж, улам сүрлэг болдог. Монгол нохой амьдарч буй орчиндоо хурдан дасдаг. Өвлийн хүйтэнд өөрийгөө үсээрээ хамгаална. Зуны халуунд үсээ хаяна. Зүйрлэвэл хүнээр бол хувцсаа нимгэлдэг гэсэн үг. Монголчууд Төвд банхар гэж ярьдаг. Олон улсын хэллэгээр Төвд мастиф гэдэг юм. Монгол банхар Төвд мастифтай нэг гарал үүсэлтэй ч олон шинж байдлаар ялгарна. Олон зуун жилийн хугацаанд Монгол банхар  монгол орны тал хээр нутагт, Төвд мастиф өндөр уулархаг газар амьдарсан. Төв азиас гаралтай адил төстэй ноход он жилүүдийн явцад өөр үйлдэл болтлоо хөгжсөн. Тухайн газрын амьдарч буй орчин нөхцөл нь нохойны зан араншин, биеийн хөгжилд нөлөөлж байдаг. Төвд мастиф, Монгол банхарыг адил төстэй зан араншинтай гэж адилтган ойлгож болохгүй л дээ. Манай урлаг соёлынхон аливаа зүйлийн тухай ярьж, кино дэлгэцнээ үзүүлэхдээ баримт, судалгаанд тулгуурлаж, олонд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Жишээлбэл, хошин урлагийнхан тоглолтодоо монгол банхарын тухай өгүүлэхдээ Төвд мастиф ярьж байх жишээтэй. Монгол банк  нохой жилд зориулан дурсгалын  зоос  гаргажээ. Сонирхоод хартал  Монгол банхар биш Төвд мастифийн толгой товойлгон сийлсэн байсан. Монголд Монгол банхар тэжээдэг үржлийн олон газар бий, тэмцээнд оролцуулдаг мэргэжлийн холбоо байхад асуугаад хамтарч болох байсан шүү дээ. Энэ мэтчилэн гадаад, дотоодын олон байгууллагатай харилцдаг байгууллагууд лого хийж, олонд сурталчлахдаа судалгаатай хандах хэрэгтэй.

Бид нохойгоо дэлхийд сурталчлан таниулах зорилготой

-Хүмүүс нохойн тэмцээн гэхээр зодолдож уралцдаг гэж ойлгоод байдаг шүү дээ?

Гадаадынхан Монгол банхарыг хараад гайхан биширдэг

-Нохойн үзэсгэлэн тэмцээн их өвөрмөц болдог. Тэр дундаа бие анатоми, үүлдэр, онцлон харуулах хэв шинж, зан чанар, биеэ авч яваа байдлыг нь харгалзаж Олон улсын нохой судлалын холбооны тэмцээний дүрмийн дагуух заалтуудаар  шалгаруулдаг онцлогтой. Товчхон хэлбэл сайхан бүсгүй шалгаруулж буй тэмцээн шиг нохойг шалгаруулдаг юм. Тэмцээнд зөв биетэй, зан чанар номхон дөлгөөн, хамгийн сайхан нохой шалгарна. Рингэн дээр гарахад тухайн нохойны биеийн хөгжил ямар байгаа нь харагддаг. Тэмцээнд оролцсон ноход Олон улсын нохой судлалын өндөр зэрэглэлттэй шүүгчдийн шүүлтээр байр эзэлдэг. Тэмцээнд оролцох тусам нохой туршлагажиж, бие бялдар нь хөгждөг. Бид нохой зардаггүй. Тоо толгойг нь цөөрөхөөс хамгаалж, нүүдэлчдийн өв соёл болох талаас нь дэлхийд сурталчлан таниулах зорилготой ажилладаг. Тиймээс нохойд байх ёстой сайн зан чанаруудаас сургадаг, арчилж халамжилдаг, өвдвөл эмчилдэг. Гадаадынхан Монгол банхарыг хараад гайхан биширдэг. Ямар ч үүлдрийн нохойтой харьцуулшгүй гайхамшигтай зан чанар Монгол банхарт байна гэж дүгнэсэн. Би Оросуудтай байнга харилцдаг. Тэд Монгол банхарыг маш ухаантай, эзэндээ үнэнч, орчноо гайхалтай мэдэрч чаддаг, хол зам туулах чадвартай, халуун хүйтэнд тэвчээртэй, уурыг нь хүргэхгүй бол зөөлөн номхон зантай, хүүхэд, хөгшин хүнд амархан дасдаг. Их цэвэрч, хоол иддэг сав нь бохир байвал хоол идэхгүй, дассан газраа заавал эргэж тойрч ирдэг гээд их магтана. Бид нэгнээсээ суралцдаг. Тэд ч хийж буй ажлыг маань дэмжиж, урам өгдөг юм.

-Нохойны хүзүүнд улаан залаа зүүдэг нь ямар учиртай юм. Ёс заншлын улбаатай зүйл үү?

Ямар ч үүлдрийн нохой байсан цэвэр цустай байх хэрэгтэй

-Нохойны ороо нь орсон үед хүн, амьтан руу дайрч урахаас сэрэмжлүүлж улаан залаа зүүдэг. Жингэр хөгшрөх тусам цөөн гөлөг гаргана. Залуу жингэр 8-9 гөлөг гаргадаг. Тухайн жингэр хэдэн гөлөг гаргахыг орооны мөчлөгөөр эзэн нь зохицуулж болдог. Ороо ид орсон үед нь нийлүүлбэл олон гөлөг гаргах магадлалтай. Золбин жингэр олон нохойтой нийлдэг бол клубийн, үржүүлгийн газрын банхар сахилга баттай. Золбин нохдоос ялгарахын тулд тодорхой баримталдаг зүйлүүдтэй. Ямар ч үүлдрийн нохой байсан цэвэр цустай байх хэрэгтэй. Биеийн хөгжил, удам сайтай, цус цэвэр, эрүүл нохой гаргаж авах зорилгоор нохойг өөр нохойтой нийлүүлж гөлөг гаргаж авахын тулд ямар зүйлээрээ таарч тохирч байгааг сайн хардаг. Үржүүлгийн газрынхан ороо нь орсон ид үед нэг удаа нийлүүлдэг юм.

Нохойны ороо нь орсон үед хүн, амьтан руу дайрч урахаас сэрэмжлүүлж улаан залаа зүүдэг

-Танай хүүхдүүд ноходдоо их хайртай байх аа. Хүү тань нохой хөтөлж гүйгээд бүр сурчихжээ?

-Манай хүүхдүүд багаасаа нохойтой нөхөрлөсөн. Надаас дутуугүй нохойгоо арчилж, хооллоно. Хүүхэд амьтантай ойр өсөх зүгээр. Амьтантай харилцаж сурсан хүүхэд зөв төлөвшдөг. Зөв төлөвшил нь амьтныг хайрлах ухаан, аливаа зүйлд хариуцлагатай хандах хандлага юм. Мал хариулах, нохой тэжээх нь тухайн хүүхдийг юманд хариуцлагатай хандахад сургадаг. Би хүүхэд байхдаа туулай, загас, гөлөг, тахиа, зараа, усан гахай гээд 10 гаруй төрлийн амьтан тэжээдэг байлаа. Тэжээсэн тахианууд азарган тахиа болж өглөө эрт донгодоод хавийн хүн сэрээчихнэ. Зарим нь ч дургүйцэж төвөгшөөдөг байлаа. Нохойгоо зүүн гартаа хөтлөөд тэмцээнд оролцуулдаг хүнийг хандлер гэдэг юм. Хандлерыг хөтлөөд гүйж байхад нохойны ерөнхий бие анатоми харагддаг. Тэмцээнд нохой гурван сартайгаасаа эхэлж оролцох эрхтэй. Хандлер хөтөлж бэлдсэний үр дүнд гөлөг тэмцээнд оролцох ур чадвар эзэмшдэг. Түүнээс биш хашаанд уядаг нохойгоо тэмцээнд оролцуулахаар хөтлөөд ирдэг зүйл биш л дээ.

 Амьтантай харилцаж сурсан хүүхэд зөв төлөвшдөг

Нохойгоо зүүн гартаа хөтлөөд тэмцээнд оролцуулдаг хүнийг хандлер гэдэг юм

Монгол банхар устаж үгүй болох аюулаас холдсон

-Танай ноход Цагаадай, Цайдам, Царам, Цацаг гэсэн нэртэй байх юм. Өөр нохойны удмаас нэрээрээ ялгардаг гэж ойлгож болох уу?

-Нохой болгон хүн шиг албан ёсны нэртэй. Монгол банхар Арслан, Баавгай, Хүдэр, Гарьд гэсэн хэдхэн нэрэнд эргэлддэг. Тэгэхээр удмын санд нэр давхцуулахгүйн тулд өөр өөр нэр өгнө. Хүн болгон ургийн овогтой байдаг шиг нохой ч гэсэн өөрийн гэсэн үржлийн нэртэй байх ёстой. Тухайлбал, “Монгол арслан” клуб Шагай гэх мэт. Нэг нохойноос гөлөглөсөн таван гөлгийг таньж мэдэхийн тулд Шагай, Шүр, Шагнал эсвэл Цагаадай, Цайдам, Цацаг, Царам гэх зэргээр нэрийг нь тодорхой нэг үсгээр эхэлдэг. Нэрээрээ нөгөөгөөс ялгарч байж удмын санд бичигдэж мэдээлэгддэг. Албан ёсны бүртгэлд “Монгол Арслан” Цагаадай гэж бичигдэнэ.

-Нохой хүнтэй ойр нөхөрлөдөг. Үнэнч нөхрөөрөө дархан хил мануулах, хот мануулах, ан гөрөөнд сургах гээд амьдрал ахуйдаа өргөн ашигладаг даа?

-Нохой үүсч хөгжсөнөөс хойш олон төрлийн судалгаа шинжилгээ хийгдсэн байдаг. Дэлхий дээр янз бүрийн үүлдрийн нохой бий. Монгол банхарыг төв азид анх үүсч хөгжсөн, төв болоод дундад азид орших олон үйлдрийн нохдын өвөг гэж үздэг. Тэднээс Монгол банхар хол зам туулахад ядарч цуцахгүй, тэсвэр тэвчээртэй, халуун хүйтэн уур амьсгалд дасан зохицох чадвартай, номхон дөлгөөн, хүчирхэг байдлаараа ялгарч чаддаг. Монголчууд эртнээс тал хээр газар нутаг сэлгэн нүүдэллэдэг өвөрмөц ахуй амьдралтай. Хоточ банхараар хот мануулах, хол, ойрын нүүдэлд дагуулж явах, ой тайгын ан гөрөөнд сургах зэргээр ашигладаг. Нүүдлийн амьдралын онцлогыг харуулсан амьдралын хэв маяг одоо ч байсаар байна. Монгол нохойны арьс, үсний бүтэц бусад үйлдрийн нохдоос онцлогтой. Сагсгар, зөөлөн үстэй. Үс нь салхи нэвтрүүлэхгүй хүйтнээс хамгаалдаг болохоор хүмүүс арьсаар нь гутал хийж өмсөх, мөн Хятад, Орос руу худалдаа арилжааны чиглэлээр гаргаж зарахаас үүдээд  Монгол банхар устах дээрээ тулсан гашуун сургамж бий. 2000 оны үед Монгол банхар харагдахаа больж нэн ховордсон. Тэр үед манайхан банхараа тоодоггүй байлаа. Энэ байдлыг олж харсан залуус, банхар тэжээн, уйгаггүй хөдөлмөрлөсний үр дүнд эргэн сэргэсэн. Одоо Монгол банхар устаж үгүй болох аюулаас холдсон гэж болно. Монгол түмний өв соёл, ёс заншилтай Монгол банхар салшгүй холбоотой. Банхарын эзэндээ гүйцэтгэх үүрэг их. Холын нүүдэл дагаж 100-150 км зам туулдаг. Монгол банхар тэжээдэг клубүүдийн залуус саяхан нохдоо дагуулаад Хагын Хар Нуур руу морьтой аялаад ирсэн. Бидний аяллын зам уртаас гадна өндөр уулс, бартаат зам, намаг шавар ихтэй. Тийм урт замыг монгол ноход ажрахгүй тууллаа.

Монгол адуутай төстэй зантай. Нутаг, эзнээ их санаж үгүйлдэг

-Нутаг нутгийн гэж ярьдаг шиг нохойнд хүртэл тэгж ялгарах зан чанар байдаг биз?

Говь-Алтай, Увс, Ховд зэрэг хол нутгаас мал дагасан банхар тууврын зам андахгүй мэднэ

-Байлгүй яахав. Говь-Алтай, Увс, Ховд зэрэг хол нутгаас мал дагасан банхар тууврын зам андахгүй мэднэ. Мал, эзнээ хамгаалах сонор соргог, гярхай, ажигламтгай байдлаараа туршлагатай. Монгол банхар хүний хайрыг татаж чаддаг. Монгол адуутай төстэй зантай. Нутаг, эзнээ их санаж үгүйлдэг. Очсон газрынхаа орчинд дасахгүй бол нутаг руугаа гүйнэ. Нэг дассан бол тэр газраасаа явах дургүй. Харахад тайван дөлгөөн хэрнээ гадны хүн, араатан амьтнаас эзнээ хамгаалж хэрэгтэй үед ширүүн догшин зангаа гаргадаг. Эзнийхээ зовлон жаргалыг хуваалцана, зан чанарыг нь сайн мэдэрнэ. Эзнийх нь сэтгэл санаа тавгүй байвал ойр байж хань болно. Хөгшин хүн, хүүхдэд их элгэмсүү, хурдан дасамтгай. Эзнийхээ өгсөн зүйлийг голж шилэхгүй.

Сайн ноходтой анчин араатан амьтны халдлагад өртдөггүй 

-Монголчууд анч нохойг хэрхэн бэлтгэдэг юм бэ. Ажиглаад байхад Монгол банхараас өөр харагддаг?

-Анч нохой монгол эрчүүдийн хамгийн үнэнч нөхөр. Ан авлахад анч нохойн хийморь сэргэдэг. Туранхай өндөр, зэгзгэр биетэй, зүрх зоригтой, хурдан түргэн хөдөлгөөнтэй, үнэр сайн мэдэрнэ. Эзнийхээ зааж сургасан зүйлийг гаргууд эзэмшдэг. Маш сонор соргог. Харсан ангаа хөөвөл алдах нь ховор. Эртний Хүннүгийн үеэс монголчууд нохойгоо ан авд сургаж ирсэн. Энэ тухай харуулсан хадны сүг зургууд байдаг. Монголд Тайга анч нохой, Хоточ банхар нохой бий. Монгол тайга анч нохой Хэнтий Дорнод, Сүхбаатар аймаг, Монгол хоточ банхар уулархаг хад асгатай Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар илүү тархсан байдаг. Тайга анч нохойг одоо ч тэжээн үржүүлж ан авд ашиглаж байна. Анч ноход чоно барьдаг. Ноход нь багийн зохион байгуулалттай дайрч барина. Алс замд явахдаа эзэндээ түшигтэй, итгэл даана. Эзэн нь ядраад нойр хулжихад нохой нэг алхам ч холдохгүй хажууд нь хэвтэн манаж, араатан амьтнаас хамгаална. Үнэнч,  хашир, сайн ноходтой анчин араатан амьтны халдлагад тэр бүр өртөхгүй.

Уурыг нь хүргэхгүй бол зөөлөн номхон зантай

-Нохойг  арчилж, хооллох, салхилуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах амаргүй ажил шиг санагддаг?  

-Нохойны үүлдрийн үзэсгэлэн тэмцээнийг задтай талбайд зохион байгуулах нь зөв байдаг. Үзэсгэлэн тэмцээнийг шүүж байгаа шүүгчид нохойны өнгө үзэмж их хардаг. Тиймээс өнгө үзэмжийг нь сайжруулахаас гадна тарга хүчийг нь тааруулан, арчилгаа сайн хийдэг байх хэрэгтэй. Ямар хоол тэжээл өгч байгаагаас хамаараад хэр өнгө, зүс, үстэй байх нь шалтгаалдаг. Гялтганасан зөөлөн үстэй бол хоол тэжээл, тарга хүч нь таарч байгаагийн шинж. Бид мал эмнэлэгтэй байнга холбоотой байдаг. Нохдоо улирал тутамд эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд хамруулна. Жилд гурван удаа цагаан хорхойноос хамгаалсан туулга хийлгэж, вакцинд хамруулдаг. Үржлийн ноход эрүүл байх ёстой. Эрүүл байж эрүүл гөлөг гаргана шүү дээ.

Гялтганасан зөөлөн үстэй бол хоол тэжээл, тарга хүч нь таарч байгаагийн шинж

-Монгол банхарын тоо хэдийнэ 1000 хүрсэн болохоор Олон улсын нохой судлалын холбоонд бүртгүүлэхэд одоо асуудалгүй биз дээ?

Монгол банхар удмын сандаа 1000-с дээш тоо толгойтой байх ёстой. Бид тоо толгойг нь хэдийнэ хангасан.

-Ойрын гурван жилд сайн нохой гаргаж, Монгол банхарыг Олон улсын нохой судлалын холбоонд бүртгүүлэх нь чухал  байна. Таатай мэдээ дуулгахад бид одоогоор хамгийн том шалгуурыг хангачихаад буй. Монгол банхар удмын сандаа 1000-с дээш тоо толгойтой байх ёстой. Бид тоо толгойг нь хэдийнэ хангасан. Гэхдээ тоо толгойд нь удмын санг бүрдүүлэх амар хялбар ажил биш. Нохойн эзэдтэй уулзаж, нохойгоо удмын санд бүртгүүлэхийн давуу талыг ярьж, сурталчлах, тэмцээн уралдаанд бэлтгэж оруулах гээд олон асуудалтай тулгардаг. Тиймээс олон улсад бүртгэлтэй болгох нь бидний зорьж буй ажлын хамгийн гол зүйл. Нохойг олон үе шаттай бүртгэдэг. Тоо толгойноос гадна заасан шалгуур, үзүүлэлтийг хангахуйц байх ёстой. Нохойн үүлдрийн судалгааг бид жил бүр хийдэг. Баруун аймгаар явж хаана ямар банхар байгааг эрж хайж, судалж, сураглаж олно. Үүнээс гадна бие анатомийн судалгаа хийж нарийн шинждэг. Бид орон нутгаар явах судалгаагаа үргэлжлүүлж баримтат кино хийх бодолтой байгаа. Бидэнд тулгамдсан асуудал их бий. Нохдоо ДНК-ын түвшинд судлан шинжлэх шаардлага гардаг. Монголд ийм нарийн шинжилгээ байдаггүй болохоор гадагшаа явуулахад өртөг нь өндөр. Нэг нохой 100 доллар байх жишээтэй.Зардал өндөртэй болохоор клубүүд энэ тал дээр хамтран ажиллахаар ярилцаж байгаа.  

Монгол банхар Төвд мастифтай нэг гарал үүсэлтэй ч олон шинж байдлаар ялгарна

Монгол банхар Төвд мастифтай нэг гарал үүсэлтэй ч олон шинж байдлаар ялгарна

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.