СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хобби | 2018-09-07

Тагтаа тэжээгч Д.Сүхбаатар: Монголд гоёлын тагтаа 2.5 саяын үнэтэй байгаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монголын тагтаачид энэ амралтын өдрүүдээр (2018 оны 09 сарын 07) ээлжит уралдаанаа зохион байгуулах гэж байна. Ээлжит гэхийн учир албан бус тоогоор Монголд тагтаа сонирхон тэжээдэг 500-600 орчим хүн байдаг. Тэд жилд хэд хэдэн удаа шувуугаа уралдуулан өрсөлддөг ажээ. Тагтаа тэжээгчдээс асууж сурагласаар туршлагатай, олон төрлийн тагтаатай Д.Сүхбаатарын хоббиг сурвалжлахаар зорин очив. Тэрээр өөр салбарт бизнес эрхэлдэг, орон сууцанд амьдардаг. Харин тагтаанууд нь гэр хороололд, тусгайлан барьсан үүрэнд байх агаад, тэрээр өдөрт 2-3 цагийг тагтаагаа арчлахад зарцуулдаг ажээ.

-Таныг олон жил тагтаа тэжээж байгаа арвин туршлагатай хүн гэж дуулаад зорьж ирлээ. Танай үүрэнд нийтдээ хэдэн тагтаа байна вэ?

-Манайд одоогоор 40 орчим тагтаа байна уу даа. Би тавдугаар ангиасаа эхлээд 20 гаруй жил тагтаа тэжээж байна. Тэр үед айлууд тахиа тэжээхээс бус тагтаа тэжээдэг нь ховор байсан. Тахиа тэжээж болоод байхад яагаад тагтаа тэжээж болдоггүй юм бол гэж сониучирхаад, гудамжныхаа хүүхдүүдтэй нийлэн тагтаатай хөөцөлдөж эхэлсэн дээ. Сүүлдээ энэ маань хобби болсон. Тагтаа шувууг чиглэлээр нь уралдааны, гоёлын гэж хоёр ангилдаг. Монголд тэдгээрийг хослуулан тэжээдэг хүмүүс ч байгаа, дан дангаар нь тэжээдэг хүмүүс ч бий. Гоёлын төрөл нь дотроо мөн олон үүлдэртэй. Тухайлбал, оригууз, хөөбиз, мөөмө гэх зэргээр ангилагддаг. Манайд бол уралдааны тагтаа ч бий. Гоёлынх нь ч бий. Жишээ нь энэ байна. Оригуузын гоёл нь урдаа ч, хойноо ч бий. Энэ гэхэд Босоо гэдэг, орос үүлдрийн тагтаа байна.

-Амьтан тэжээдэг хүмүүс ааш араншинг нь андахгүй, ашиг тусыг нь ч сайтар мэддэг болох байх. Тагтаа тэжээхийн ашиг тус нь юу вэ?

-Нэг их ашигсаад байх юмгүй. Би бол цэвэр хоббиндоо л хөтлөгддөг. Харин шувуу шувуу өөр өөр ааш аягтай л даа. Яг л хүнтэй адил. Зарим нь тайван амгалан байхад зарим нь цочимтгой, хурц түргэн хөдөлгөөнтэй байх жишээтэй. Мэдээж шувуундаа өртөг зардал гаргаж болно. Мөн эдийн засгийн хувьд ачаалал бага үүрээд, аятайхан тэжээгээд явж ч болно.

-Хоол ундны тухайд голчлон юу иддэг вэ?

-Тагтаа ерөөсөө л ус ууна, будаа, тэр дундаа улаан буудай иднэ. Сүүлийн үед зориулалтын хоол элбэг болсон. Эрдэнэшиш, наран цэцгийн үр зэрэг нийт таван төрлийн будаа агуулсан хоол байна. Намайг анх тагтаа тэжээж эхэлж байх үед ийм юм байсангүй. Харин одоо хоолноос эхлээд зориулалтын эрдэсжүүлсэн улаан шороо, эм бэлдмэлүүд хүртэл бий болсон. Нислэгийн шувуунд зориулагдсан аминдэмүүд ч байна.

-Монголчууд хаанаас тагтаа худалдаж авдаг юм бэ. Үнэ ханшийн хувьд ямар байдаг бол?

-Монголдоо 4-5 үеэрээ үржсэн, аав ээж нь сайн нисдэг удамтай бол ангаахайнуудаас нь авч тэжээнэ. Мөн Өвөрмонголчуудтай уулзаж, тэднээс сайн асууж сураглаж байж шувуу авна. Миний уралдааны шувуудын дийлэнх нь Хөх хотоос ирсэн. Харин зарим хүмүүс Оросоос, Хятадаас гайгүй шувуунууд оруулж ирдэг. Уралдааны шувууны үнэ дунджаар 100 мянгаас 200 мянган төгрөг. Гэхдээ шувуу шувуунаасаа шалтгаалаад янз бүр л дээ. Одоогоор яг тэр үүлдэр нь ийм үнэтэй гэсэн тогтсон үнэ ханш алга. Сайн шувууны үнэ дээшээ хэд ч болж мэднэ. Яг л адуу наймаалцдаг шиг, эзэд нь харж ярилцаж байгаад л үнээ тохирдог. Харин гоёлын шувууны тухайд сайхан шувуу 1 сая орчим, бүр сайн шувуу 2 сая 500 мянга ч хүрнэ. Орос, Америк, Хятад, Бельгид тагтаа тэжээгчид олон болж байна. Тайваньд бас их гоё тэжээдэг болсон байна лээ. Спорт буюу уралдааны тагтаа Монголд орж ирээд 2-3 жил л болж байгаа. Шинэ төрлийн үүлдэр, Хятад, Тайланд, Тайваньд энэ төрлийг их хөгжүүлж байна. Бүр дэлхийн аваргын тэмцээнүүд зохион байгуулагдаж, далай дээгүүр уралддаг болсон. Тухайн шувууны уралдааны чиглэлээс шалтгаалан зай нь янз бүр байдаг юм билээ. Одоогоор манай тагтаачид албан ёсны холбоо байгуулж амжаагүй байгаа тул Монголоос гарч шувуугаа уралдуулж үзээгүй л байна.

-Та тагтаануудаасаа зардаг уу?

-Зарна л даа. Гэхдээ би заавал заръя гэж шамддаггүй, анхнаасаа ч бизнес гэж хараагүй. Миний хобби л энэ юм. Харин хүмүүс сонирхоод авъя гэвэл өгдөг.

-Тагтаа хэд насалдаг шувуу юм бэ. Тагтааны үржлийн тухайд?

-Ойролцоогоор 12-13 насалдаг. Түүнээс 7 нас хүртлээ идэвхтэй үрждэг. Жил бүрийн 4-9 сар хүртэл өндөглөнө. Нэг өндөглөхдөө хоёр өндөг гаргаж, 18 хоног дараад дэгдээхэй болгоно. Өндөг нь дэгдээхэй болж будаа тонших хүртлээ эхийнхээ гулгидсаар хооллодог юм. Харин дэгдээхэй болж бие нь өдөөр хучигдаад ирэхийн үедээ аяндаа будаанд ордог.

-Тагтаа тэжээхэд хэр их арга ажиллагаа шаардагддаг бол. Тагтаа сонирхож буй хүмүүст та юу гэж зөвлөдөг вэ?

-Найман настай хүүхдээс 80 настай хөгшин ч тэжээж болдог их амар шувуу шүү. Мэдээж цэвэрхэн тэжээвэл гоё. Багаасаа шувуу тэжээсэн хүүхэд амьтан хайрлаж сурдаг. Мөн цагийн зохион байгуулалт сайтай, өрөвч нинжин сэтгэлтэй болдог юм шиг санагддаг. Би бол оройдоо ажлаа тарж ирээд 2-3 цаг шувуудтайгаа ноцолдоно. Сангасаар нь бордоо хийгээд модоо усалчихдаг. Тагтаандаа жил бүр шувууны вакцин хийх хэрэгтэй. 60 шувууных нь нийлээд 80,000 орчим төгрөг болдог. Тусгай тариуртай, тагтаачид өөрсдөө л тарьчихна. Үүрэнд гаднаас шувуу ирээд байхгүй болохоор өвчлөлтийн тал дээр нэг их санаа зовдоггүй. Харин буруу хооллож, бохир тэжээснээс үүдэн өвчин гарах вий гэж л захьдаг даа. Ер нь тагтаа тун тайван шувуу. Зэрлэг тагтаа өөрсдөө байгалийн зөнгөөрөө амьдрах чадвараа олсон байдаг бол тэжээмэл тагтаануудыг гаргаад тавьчихвал их эрсдэлтэй. Газарт буугаад зөв хоол олоод иднэ гэхэд хэцүү. Тиймээс тагтааг тэжээвэл тууштай, аятайхан, цэвэрхэн тэжээх хэрэгтэй. Тамлаж байгаа юм шиг хооллож ундлахгүй, ус чийгийг нь дутаагаад байвал дэмий, дэмий.

-Хун шувууг хосдоо хамгийн үнэнч гэдэг. Тагтаа хэр үнэнч бол?

-За нэг их үнэнчгүй л дээ. Гэхдээ хүн хүчээр салгаад өөр шувуутай паарлуулчихгүй бол нэг суучихсан шувуутайгаа байгаад байж болдог.

-Тагтаанд үүр барихдаа, мөн ариун цэвэр сахиулахын тулд юуг анхаарах шаардлагатай байдаг юм бол?

-Ус, чийг орохооргүй сэрүүвтэр үүр тохиромжтой. Гэхдээ хасах хэм рүү оруулж болохгүй. Өвлийн улиралд ус дөнгөж л зайрмагтах төдий байхад болдог. Харин ариун цэвэр сахиулахын тухайд савтай ус тавиад орхичихоор өөрсдөө орчихдог юм. Уух усыг нь бол өөр саванд тусад нь тавина. Усаа сороод, шууд залгилдаг шувуу шүү дээ.

-Тагтаачид заримдаа элдэв арга хэмжээнд уригддаг уу? МАН-ын гишүүд талбай дээрээс тагтаа нисгэсэн нэг зураг цахим талбарт шуугиан тарьж билээ. Тэр тагтааг та нараас л авсан уу?

-Тийм, Дэнжийн 1000-ын нэг тагтаачин ахын шувуунууд байсан. Бид бас олон нийтийн арга хэмжээнд хааяа шувуутайгаа оролцоно оо. Таван жилийн өмнө наадмын нээлтэд зориулж 40 гаруй тагтаагаа өгч байлаа би. Наадам зохион байгуулж байгаа хүмүүс үндэсний хувцастай хүүхдүүдээр тагтаа нисгүүлэх үзүүлбэрийг хөтөлбөртөө оруулсан юм билээ. Тагтааг маань тоолоод хайрцагт хийгээд л аваад явсан.

-Тагтааг тэжээх, сургахад хэцүү юу. Монголын тагтаачид 9-р сарын 7-нд тэмцээн зохиох гэж байгаа гэж сонслоо?

-Тийм ээ, энэ намрын тэмцээн маань удахгүй болно. Тэмцээнээс өмнө шувууныхаа бөгжний кодоор бүртгэлээ явуулдаг. Тагтаачдаас гадна тэмцээн үзэж сонирхохоор хүмүүс олон ирдэг болж. Хамгийн багадаа 60-70 шувуу уралдуулдаг. Тагтаа сургахад циркийн амьтан сургадаг шиг юм ч болохгүй л дээ. Уралдааны тагтааг гэр лүүгээ нисгэж л сургадаг юм. Бид жил бүр ангаахай шувууны уралдаан, том шувууны уралдаан гэсэн үндсэн хоёр уралдаан зохион байгуулдаг болсон. Ноднин, уржнан ангаахай шувуугаа 200 км зайнаас уралдуулж байлаа.

Тэмцээнд бэлдэхдээ шувуугаа аваад өглөө үүрээр хотоос гарч, 200, 300, бүр холдоо 350-500 километрийн зайнаас тагтаагаа тавьцгаадаг. Бэлтгэл сайтай байж 350 километрээс тавихгүй бол шувуу амралтгүй нисдэг учраас бахардана, нисэлт нь саараад ирэхээр өөр шувуунд бариулна. Ер нь уралдааны шувууг өлөн дээр нь нисгэдэг. Яг л морь шиг сойж, хоол ундыг нь тааруулж, хүчийг нь биед нь суулгаж өгч байж уралдаанд нисгэнэ. Анх уралдааны тагтаагаа сонгохдоо удмын мэдээллийг нь анзаарч, урьд өмнө аав, ээж нь гадаад дотоодод яаж уралдаж байсан юм гэдгийг судална, өөрийг нь ч сайн шинжинэ.

-Нислэгийн үед, гэрээ олохгүй байх, эсвэл төөрөх ч юм уу ямар нэгэн эрсдэл тохиолдох уу. Дунджаар хэдэн км/цагийн хурдтай нисдэг вэ?

-Манай орон зэрлэг шувуу ихтэй болохоор уралдааны тагтаа эргэж ирэхгүй тохиолдол цөөнгүй гардаг. Шонхор, бүргэд, харцага барьчих магадлалтай. Ялангуяа уралдааны шувуунд шонхор шувуу халтай байдаг. Миний баримжаагаар цагт 80 км орчим хурдтай нисээд байх шиг санагддаг. Бид хээрээс тавьчихаад хотод ирэхэд шувуунууд маань гэртээ ирчихсэн байдаг. 200 км зайд 2 цаг 15 минут орчим ч яваад байна уу даа. Бид авто замаар, шувууд агаараар явахад зайны хувьд бас өөр өөр л дөө. Тагтаа зүг чигээ маш сайн баримжаалдаг. Дээшээ өндөрт гараад 2-3 тойрч байгаад л зүгээ олчихдог юм. Зарим нь нараар, зарим нь салхины чигээр, зарим нь агаарын долгионоор зүг чигээ баримжаалдаг гээд янз бүрээр л тайлбарладаг юм. Яг мэргэжлийн хүн биш болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан манай ангаахайнуудаас тэмцээнд оролцоод уржнан гуравдугаар байр, ноднин тэргүүн байр эзэлж байлаа.

-Уралдаанаа хэрхэн шүүж дүгнэдэг вэ?

-Ойролцоогоор хотоос гараад 350 км алсаас, бүх шувуугаа нэг цэгээс тавьчихна. Тэгээд шувуучин бүр гэртээ ирээд, эхний шувуугаа буунгуут зургийг нь авч баталгаажуулаад цаг минуттай нь шүүгч рүүгээ илгээчихдэг. Шувуунууд 3-4 минутын зайтай ирдэг. Бусад тэмцээнүүдийн адилаар мандатын хураамжаасаа шагналын сангаа босгодог.

Гадаадын зарим оронд тагтааг агаарын бохирдлын хэмжээг тогтооход ашиглаж эхэлсэн байна. Тухайлбал, Лондонд бохирдол хэмжигч бүхий тусгай бүс зүүсэн тагтаанууд нисэлдэх ажээ. Английн агаарын чанарын төхөөрөмж зохион бүтээгч, эрдэмтэн Пьер Дукесной: “Тагтаанууд хотын нэг өнцгөөс нөгөөг хүртэл маш хурдан ниснэ. Мөн тэд олуулаа учраас л үүргэвчтэй тагтааг ашиглах нь зөв гэж бид тооцсон. Хэдийгээр Лондон хотын өнцөг булан бүрт байршуулсан агаарын бохирдол хэмжигч төхөөрөмжүүд үүргээ сайн гүйцэтгэдэг ч, “амьд ажилтантай” болсноороо бид агаарын чанарын мэдээг хотын хаанаас ч шүгэлийн дуунаар, богино хугацаанд мэдчих боломжтой болох нь” гэжээ.

Тэгвэл зарим газарт тагтааг ашиг олох хэрэгсэл болгож байна. 21 мянган өрсөлдөгчөө ардаа орхин дэлхийн аварга болсон 3 настай тагтааг 132,517 доллароор зарсан гэх мэдээ бий. Мөн зарим оронд тариалангийн талбайн хаягдал үрийг цэвэрлэхэд тагтаа чухал  үүрэгтэйгээс гадна байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол нөлөөтэй гэж үздэг байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.