СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2018-09-11

Б.Гангаамаа: Уул уулчнаа харж хүлээдэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин, уулын спортын ОУХМ Бадамгаравын Гангаамаа 2011 оноос дэлхийн долоон ноён оргилд авирна гэсэн олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, Монголын анхны Seven Summiter түүхэн амжилтын эзэн болов.Тэрбээр өдгөө мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй, мөгөөрст нимгэн хоолойтны дуу нь гараагүй долоон өндөр оргилыг гүйцээсэн 149 дэх уулчин, дэлхийн 20 эмэгтэй шилдэг уулчдын тоонд зүй ёсоор багтдаг тамирчин болсон.

Дэлхийн 8000 м-ээс дээш өндөртэй 14 оргил түүний дотроос топ таван  оргилд (Эверест, К2, Канчинжунга,Лхоце,Макалуавирч мөрөө үлдээхийг  хүсэж мөрөөддөггүй уулчин ховор. Тэгвэл цаст ууланд зориг гарган хөл тавьж байсан жаахан охин өдгөө  дэлхийн спортын авиралтын хаан уул “Алуурчин” хэмээгддэг  К2-ын оргилыг эзэлсэн анхны монгол хүн боллоо.

К2 дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог уул. Уулчин бүсгүйн  К2-т авирах гурав дахь оролдлого ийн амжилттай болж элэг нэгтнүүдийнхээ сэтгэлийг огшоон магнайг нь тэнийлгэж баярлуулсан билээ.

Тийм ээ, тэр уулын охин. Түүнд уултай хуваалцсан маш олон дурсамж бий. Уул түүний юунд зорьж, хичээж явааг нь мэдэрнэ. Оргилын оройд гарах  болоогүйг, бас гарах цаг болсныг уул өөрөө ямар нэгэн байдлаар түүнд хэлдэг. Уул уулчнаа үргэлж хардаг шиг уулчин бүсгүйг дахин нэг өөр оргил хүлээж байгаа.

 

Б.Гангаамаагийн амжилтаас:

2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/

2016 онд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/

2018 онд Пакистан улсын нутаг дэвсгэрт далайн төвшнөөс дээш /8611 м/ өндөрт орших К2 оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад буй.

УУЛ МИНИЙ  АМЬДРАЛ,  АЖИЛ, АМЖИЛТ МААНЬ БОЛСОН

 Зорилго минь намайг амжилтад хүргэсэн

 -Та уулын спортод өөрийгөө олон жил зориуллаа. Амьдрал, амжилт, алдар нэрийг тань одоо уулгүйгээр төсөөлшгүй болжээ?

-Тийм ээ, би уулын охин. Уул миний амьдрал,  ажил маань болсон. Амьдралынхаа 360 хоногийн талыг нь ууланд амьдарсаар 29 жил болжээ. Өнгөрсөн он жилүүдийн дурсамж нүдний минь өмнө харагдаж, саяхныг мэт санагдаж байна.Уйгагүй зүтгэсэн хичээл зүтгэл, зорилго минь намайг амжилтад хүргэлээ. Тамирчин хүнд ганцаараа гаргадаг амжилт гэж байдаггүй. Энэ амжилт зөвхөн Гангаамаагийнх биш л дээ, олон хүний дэм, итгэл найдвар, сэтгэлийн ач юм.

Би оргилд амжилт бодож авираагүй. Алдар нэр битгий хэл цастай уул байдгийг ч мэдэхгүй жаахан охин Отгонтэнгэр хайрханд анх авиралт хийж байлаа. Авирах тусам л өөрийгөө хурдны морь шиг сойсоор ирэв.Эхний 10 жил уултай танилцах гэж авиралт хийсэн. Сүүлийн 10 жилд нь зорилго өвөртөлж авиралт хийв. Хөдөлмөрлөснийхөө хүчинд юугаа ч мэдэхгүй явсан улаан хацартай охин одоо уулчин болжээ.

Би микробиологич мэргэжилтэй. Анагаах ухааны коллеж дүүргэж, мэргэжлээрээ Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт есөн жил ажилласан. Эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажлаа орхиж уул руу хөл тавьсан. Уул намайг олон зүйлээс татгалзуулж  хүсэл сонирхлоосоо буцах аргагүй болтол хүчтэй татсан юм шүү. Түүнээс хойш аялал жуулчлалын салбар руу орж ажиллахынхаа хажуугаар уулын спортоор дагнан хичээллэсэн. Би хэтдээ дасгалжуулагч болох байх.

-Уулын спортынхонд амжилт, эрсдэл нь нэг шугаманд байдаг юм шиг санагддаг?

 

Гавьяат цол хүртчихээд би ууландаа хүндэтгэл үзүүлж, “Баярлалаа” хэмээн шивнэж сэтгэлийнхээ үгийг хэлж билээ.

-Тамирчин хүнд амжилт амархан ирдэггүй. Уул надад  боломж олгож  зүтгэл, зорилго маань амжилт руу хөтөлсөн. Отгонтэнгэр, Очирваань хайрхан намайг хүн, Алтай, Таван Богд уул тамирчин болгосон гэж боддог.  

Гавьяат цол хүртчихээд би хамгийн түрүүнд Баян-Өлгий аймаг руу онгоцоор ниссэн. Олон жилийн турш надад багш болсон ууландаа би хүндэтгэл үзүүлж, “Баярлалаа” хэмээн шивнэж баярын нулимстай сэтгэлийнхээ үгийг хэлж билээ. 

Тэнд ажиллаж, амьдарч буй хүмүүстэй ч баяраа түрүүлж хуваалцсан. Уултай хуваалцсан маш олон дурсамж миний амьдралд мартагдахааргүй тод үлджээ.

Эверестэд авирсныхаа дараа К2-т гарна гэж зорилго тавьсан

-Оргил руу зориг гаргаж авирах эмэгтэй ховор. Гэхдээ уул та хоёр ямар нэгэн энергиэр нэг нэгэндээ татагддаг байх. Уулын хэлийг та мэддэг, уул таны сэтгэлийн үгийг сонсдог ч юм шиг ээ? 

-Тийм ээ, ингэж ойлгож болно. Оргилд олон жил авиралт хийхэд ямар нэгэн байдлаар холбоотой болсон байдаг юм. Би нэг удаа сошиалаар “Хүн байгаль хоёр байнгын холбоотой. Уул уулчнаа үргэлж харж, хүлээдэг" гэж бичиж байсан.

 оргил таны авиралт хийсэн оргилуудаас хамгийн эрсдэл ихтэй нь. Өмнө нь цаг агаарын таагүй байдлаас болоод сэтгэл гонсгор буцаж ирснийг чинь санаж байна?

-Тийм ээ, Эверестэд авирсныхаа дараа би К2-т гарна гэж зорилго тавьсан. Тиймээс  2011 оноос хойш дэлхийн долоон ноён оргилд гарах “Seven summit”  амжилт  зорилгынхоо төлөө тууштай зүтгэж  2016 онд Монголын  анхны Seven Summiter түүхэн амжилтын эзэн болж чадсан. Үүнээс хойш  одоо би К2-т авирах цаг  болсон гэж бодон  хоёр дахь  авиралтаа амжилттай хийж оргилд эх орныхоо төрийн далбааг мандууллаа. Дэлхийн олон орны уулчдаас 337 хүн энэ оргилд хүрсэн  ч бууж амжилгүй эндсэн нь олон. Тэднээс 20 гаруй нь эмэгтэй уулчин байдаг юм билээ. Сүүлийн жилүүдэд энэ оргилыг зорих уулчдын тоо өссөөр. 2012 онд 28 уулчин, харин энэ удаа бид нэг өдөр  31-үүл гарлаа. Дэлхийн 64 жилийн түүхэнд ингэж нэг өдөр ийм  олуулаа  оргил дээр зогссон түүх  байдаггүй юм билээ.

Хоёр дахь  авиралтаа амжилттай хийж оргилд эх орныхоо төрийн далбааг мандууллаа

Хамгийн олон уулчин амь эрсэдсэн уулсын нэг учраас К2-ыг дэлхий нийтээрээ “алуурчин”, “үхлийн” гэж нэрлэдэг ч миний хувьд ингэж хэлэх дургүй. Энэ оргилд хүрсэн анхны хүмүүс нь Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар.Тэд үхэлтэй сөрөн тэмцэж 1954 оны сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялж гарсан байдаг. Уул хүнийг ална гэж байхгүй. Уулчин алдаа гаргаснаас л эрсддэг. Хэдийгээр  хэцүү хүнд оргил ч гэлээ энэ удаа уулчдыг ивээсэн. 

 АВИРАЛТ ХИЙХИЙН ӨМНӨХ ШӨНӨ ЭЭЖ МИНЬ ЗҮҮДЛЭГДСЭН

 Уул бид хоёр ямар нэгэн энергиэр холбогдогддог. 

-Та мөрөөдлөө биелүүлчихлээ шүү дээ?

-Энэ удаагийн авиралт  дэлхийг шуугиулсан авиралт болсон. Миний хувьд олон жил бодсон мөрөөдлөө биелүүллээ. Монголчуудын маань хүсэл ч биелэв. Оргилд  гарчихаад төрийнхөө далбааг хараад өөрийн эрхгүй огшиж байв. 2008 онд  хамгийн том эрсдэл дагуулсан осол болж 18 уулчин тэнд мөнх нойрссон гэдэг. Яг тэр жил би К2-т авирах гэж байгаад мөнгө санхүүгийн бололцоогүйн улмаас больсон.

-Оргилоос амьд ирэх баталгаагүй гэсэн яриа уулчдын дунд байдаг.  Үүнийг ар гэрийнхэн нь хүлээж авах нь хүнд. Та гэрээс захиа нэг бус удаа бичиж үлдээсэн. Ирчихээд дугтуйг задалж  суух мөчид ямар бодол төрж байв?

А.Батсүх ахад  явахынхаа өмнө онгоцны буудал дээр дугтуй өгөх гэтэл царай нь  хачин болоод “Энэ юу юм бэ” гэж асуухад нь инээмсэглээд л гарт нь бариулсан

-Уулын холбооны удирдах зөвлөлийн гишүүн  А.Батсүх ахад  явахынхаа өмнө онгоцны буудал дээр дугтуй өгөх гэтэл царай нь  хачин болоод “Энэ юу юм бэ” гэж асуухад нь инээмсэглээд л гарт нь бариулсан. Намайг ирэхэд хамгийн түрүүнд угтаж аваад “За ашгүйдээ амжилттай авираад эсэн мэнд эргэн ирсэнд баяр хүргэе. Өнөөдрөөс санаа минь амарч бүтэн нойртой хонох нь” гээд инээж байсан.  Өмнө нь Эверестэд авирахдаа Зохион байгуулах хорооны дарга Д.Сүрэнхорлоо гуайд өгч байв.Сүрэнхорлоо гуай Эверестийн оргилд гарсныг сонсоод  дугтуйг задалж “Ням гариг”, “Таван цагариг” сонинд  зурагтай минь хамт бүрэн эхээр нь нийтлүүлж уншигчдыг баахан шуугиулсан даа.  А.Батсүх ах  дугтуйг буцааж өгсөний дараа  “Сутайн бор” клубын  нүүр номд “Бор дугтуй” гэж гарчиглаад бичсэн байсан. Саяхан уулын холбооныхонтойгоо уулзаад хоол идэж байтал А.Батсүх ах “Би дахиж дугтуй авахгүй шүү” гээд инээж байсан шүү.

  А.Батсүх ах “Би дахиж дугтуй авахгүй шүү” гээд инээж байсан шүү.

-Таныг ирэн иртэл гэрийнхэн чинь ч гэсэн нойргүй л хоносон шүү дээ?

-Тэр үнэн шүү. Санаа зовсон нь царайнаас нь илэрхий байдаг юм. .

Яг авиралт хийхийн өмнөх шөнө  миний зүүдэнд ээж өөдөөс минь хараад сууж байгаагаар орж ирсэн. Намайг ирэхэд ах маань тосож аваад “За дүү минь аав, ээж хоёр минь тэнгэрээс чамайг харж, чамтай хамт байсан шүү” гэж хэлсэн.

УУЛЫН СПОРТОД АЛДАА, ОНОО НЬ АНХНЫХ БӨГӨӨД СҮҮЛЧИЙНХ БАЙДАГ

Оргилд гарах цаг чинь болжээ гэдгийг уул өөрөө ямар нэгэн байдлаар сануулж хэлдэг 

-Оргилд авирч байхад үхлийн тухай бодогддог уу?

-Миний хувьд үхэл, эрсдэлийн тухай бус зорилгоо бодож авирдаг. Оргилыг эзлэхийн сүүлийн шөнө аюулгүй байдал, эсэн мэнд бууж газардахын  тухай л их бодож байв. Уулчин хүнийхээ хувьд өгсөж уруудах замд гарч болзошгүй аваар осол өртөж магадгүй эрсдэлийг зайлшгүй тооцоолдог.

Гэхдээ төлөвлөсөн зүйл заримдаа бодож байснаас огт өөр байх үе бий. К2-т хамгийн их аваар осол гардаг хэсэг бол “Лонхны хүзүү”. Авиралтын энэ хэсэг уулчнаас маш их туршлага тэвчээр, авсаалж самбаа шаарддаг.  Японы нэг уулчин яг энэ хэсэгт амиа алдсан. .

-Таныг дэлхийн алдартай өндөр оргилуудад авиралт хийлгүүлж чадсан К2-т баярлалаа гэж шивнэв үү?

-Дэлхийн долоон ноён оргилд хөл тавьжээ. “Seven summit”-ыг  би дэлхийн найман оргилоор хийсэн.  К2 бол дэлхийн их найман  мянгуудаас  өндрөөрөө Эверестийн дараа ордог хоёр дахь уул нь. Их найман мянгад дараах  таван оргил багтдаг. Эверест, К2,  Кангченжунга, ЛхоцеМакалу  Эдгээр оргилууд  дэлхийн  топ таван оргил юм.

 -Зорьсондоо ч хүрлээ. Одоо гэрлэлтийн тухай бодохгүй бол оройтох нь ээ?

-.  Намраас бэлтгэл сургуулилтаа базааж эхэлнэ. Надад төлөвлөж бодсон ажил их бий.Гэрийнхнийхээ болоод найз нөхдийнхөө зөвлөгөө, гомдлыг одоо бүр мартсан шүү дээ. Ирлээ, явлаа гээд завгүй гүйдэг болохоор тэд маань ч ойлгодог болоод удаж байна.

-Уулчид өндрийн өвчинд багагүй өртдөг байх. Танд шинж тэмдэг нь мэдрэгддэг үү?

Зарим спортод алдсан алдаагаа  засаад амжилт гаргаж болдог бол уулын спортод алдаа, оноо нь анхынх бөгөөд сүүлчийнх байдаг.

-Уулчид амь нас, эрүүл мэндээ бодож зориулалтын хоол хүнс, хувцас, багаж хэрэглэдэг.  Гэхдээ өндрийн өвчинд өртөх магадлал ихтэй. Хэт өндөр хүний биед олон сөрөг нөлөө үзүүлдэг.  Тухайлбал, амархан мартаж санана, үс наснаасаа эрт цайна, цасанд байнга явсаар байгаад хараа амархан муудна, өгсөх тусам хүчилтөрөгч багасаж агаар дутагддаг тул цээж уушги өвдөж ханиалгана. Үргэлж хөдөлж урагшилдаг учир өвдөг, нуруу, үе өвддөг болдог.

Спортын төрөл болгон өөрийн гэсэн эрсдэлтэй. Зарим спортод алдсан алдаагаа  засаад амжилт гаргаж болдог бол уулын спортод алдаа, оноо нь анхынх бөгөөд сүүлчийнх байдаг. Уулын спорт өндөр нам шаардахгүй, нас хүйс ялгадаггүйгээрээ ялгаатай. Гэхдээ энэ бүхнийг тэвчиж, өөрийгөө зоригжуулж байж л урагшилдаг.

УУЛ БИД ХОЁР НЭГ НЭГНИЙХЭЭ ҮГИЙГ СОНСДОГ 

Уулчин хүн айдсаа авч хаяж байж оргилд авирдаг

-Өөрийгөө мартаад зүтгэсэн өдөр хоног танд олон байсан болов уу?

-Зарим үед эмэгтэй хүн гэдгээ мартаж, эрчүүдээс дутахгүй зүтгэх үе бишгүй. . Сая К2-т авирсан эмэгтэй уулчид бүгд гэрлээгүй байсан.Тэд бүгд 14 оргилд гарах амжилтын төлөө зүтгэж байгаа юм байна лээ. Уул болгон өөрийн гэсэн онцлогтой. Авирах болгонд дурсамж үлдээнэ. 2015 онд Деналид /6194 м/ амжилттай авирсан. 

Гурван удаа оролдлого хийж оргилд  нь гарсан болохоор энэ оргил надад их зүйл сургасан  гэж боддог.Тэндээс ирэхэд намайг “Одоо seven summit хийнэ биз дээ” гэж олон хүн асууж байлаа. Түүнээс хойш надад алдах зүйл одоо байхгүй, чадахгүй бол тэр биз гэх бодол төрж К2-т авирахаар шийдсэн. Би хааяа уулаа зүүдэлдэг. 

-Хашир зан хаана ч явсан хэрэг болдог биз?

-Оргилд авирахад тамирчны туршлага, хашир зан их хэрэг болдог. Өндөрт хүчилтөрөгчгүй, удаан байж болохгүй учир бушуухан л буухыг бодно. К2-оос бууж явахдаа эндсэн уулчин олон байдаг болохоор миний хувьд яаралгүй буухаар шийдэж хаширласан.  

-Монгол хоолоо санав уу?

-. Би борц авч явдаг. Мах идмээр санагдсан үедээ иднэ.

Намрын улирал гунигтай гэгэлгэн ч гэсэн ажил өрнүүн, хөл хөдөлгөөнтэй байдаг нь надад таалагддаг юм. Тиймээс намар хураасан шинэ ургацанд дуртай. Тэр дундаа ногоотой шөлөнд нугасгүй. Ууланд байнга явдаг болохоор бушуухан бууж ой мод харж, шувуудын жиргээ сонсож зүлгэн дээр хэвтэх юмсан гэж боддог. Монголын агаар амттай. Явж явж ирэхэд агаар нь хүртэл цаанаа нэг гоё амт үнэртэй нь мэдрэгдэнэ шүү дээ.      

ТАМИРЧНЫ КАРЬЕРЭЭ ДУУСГААД ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛНО 

 К2-т энэ удаа бид нэг өдөр 31-үүл гарлаа

-Өөрийгөө залгамжлах шавь бэлдэж байна уу?

-Шавьтай болох санаа бий. Надад олон хүн хүүхдээ шавь болгох санал тавьсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд  гадна дотны олон хүнд зааж сургалаа. Хэрвээ тэд намайг багшаа гэдэг бол би олон шавьтай байх аа.Одоогоор би тамирчин болохоор сургах зав үнэхээр гарахгүй. Тамирны карьерээ дуусгаад дасгалжуулагч болно. Уулын спорт эрсдэл ихтэй тул өөрөө маш сайн туршлагажиж байж тамирчин бэлдэнэ.

Оргил хийморь сэргээдэг. Оройд нь гарахад ухаан тэлж, уужим болдог. Монголчууд уул устайгаа ойр өсдөгийн учир энэ. Өндөр цэг хамгийн ариун байдаг. Оргилд авирсан хүн аливаа зүйлд тэмүүлэлтэй, хэр баргийн зүйлд бүдрэхээргүй хатуужил тэсвэртэй болсон байдаг юм. Уулын спортыг сонгож байгаа бол уйгагүй хичээллэ. 

-Таны утсанд сонгодог хөгжим байнга эгшиглэх юм аа?

-Би кэмпэд амарч байхдаа Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг гуайн аяз, Бетховен, Шопены  сонгодог хөгжим утсандаа татаж  сонсдог. Уулчид майхандаа  оройн хоол идэхдээ ээлжээр DJ хийж  дуу хөгжим сонсдог юм.Миний  ээлж таарч сонгодог хөгжим тавихад уулчид “аая өнөөдөр романтик орой боллоо” гээд инээлдэж байсан шүү. 

-Таныг ивээн тэтгэсэн “Таван богд” группынхэн  сэтгэл их түгшсэн үү ?

 Оргилд хамт авирсан уулчидтай найзын холбоотой байдаг

-Намайг явсны дараа К2 оргилын тухай сонсоод “Ямар хэцүү уул руу явуулчихваа” гэж санаа нь их зовсон гэсэн. Монголын төрийн далбааг К2-ын оройд мандуулахад “Таван богд” группийн удирдлага, хамт олны сайхан сэтгэлийн тус дэм их хэрэг болсон.Намайг сайхан угтаж авч, урам зориг хайрласан Монголын хамгийн том оргилын нэрээр нэрлэсэн энэ группынхэндээ маш их баярлалаа, хойшдоо хамтран ажиллах бодол бий. Мөн ХААН банк, “Говь”, “Улаанбаатар гурил” ХХК-ийнханд  баярлаж талархсанаа илэрхийлье. Монголынхоо ард түмнийг би азтай гэж боддог.

Монгол төрийн далбаа бол Монголчуудын хийморийн дарцаг шүү дээ. К2-ын оройд нь намирч байгаа төрийн далбаа зөвхөн миний бус Монголын ард түмний хийморийг тэтгэн бадарч байгаа.Энэ оргилын оройд гарч чадаагүй олон орны уулчид бий. Би оргилд хамт авирсан улс орны уулчидтай найз нөхдийн холбоотой байдаг. Заримтай нь бүр ах дүүс шиг болчихсон.  2011 онд Эверестэд хамт авирсан танил уулчинтайгаа энэ жил К2-т авирахдаа таарч нэг нэгнээ таньж бөөн баяр болж уулзсан.

-Монгол уулчин марканд мөнхөрсөн хоёр дахь хүн нь та болсон санагдах юм?

-“Дэлхийн  долоон ноён оргилд гарсан анхны монгол хүн” гэсэн сэдэвтэй марк л даа. Монголд өмнө нь спортын сэдэвтэй марк олон гарч байсан ч уулын тамирчдын амжилтыг мөнхөлсөн нь ховор. Марканд дүрээ мөнхөлсөн хоёр дахь хүн нь би болж байна. Долоон ноён оргилд авираад ирсний дараахан санал тавьсан. Би маркын талаар нарийн сайн ойлголтгүй болохоор эхэндээ ч ам нээхгүй явсаар жилийн дараа 2017 оны 8 сарын 22-нд зөвшөөрсөн.

Марканд дүрээ мөнхөлсөн хоёр дахь хүн нь би болж байна.

 

                                                                                         

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.