Нийслэл хэмээх их айлын хөрөнгө зоорийг ухаж, хулгайлж, хумсалж баяжигч олон. Үе үеийн хотын дарга нар нь зах замбараагүй газар олгож, төлөвлөлтгүй барилга бариулан, ашиглалтад хүлээж авахын тулд хээл хахуулиар шийдсээр ирсэн. Нэг бус дарга нь нийслэлийн өмчийг хувийнх мэтээр шамшигдуулж, хамаарал бүхий хүмүүс, тэдний ойр тойрныхны нэр дээр олгосон үйлдэлдээ хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж байв.
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар хэмээх агентлагийг удирдаж байсан албан тушаалтнууд ч байсхийгээд эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогддог. Тухайлбал, Ш.Одончимэг гэдэг дарга нь нягтлан бодогчтойгоо нийлж хамаарал бүхий есөн компанид бараа, материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хөрөнгө завшин брэндийн бараа авсан, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис, тухайн байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан үйлдэлд маш удаан хугацаанд шалгуулсны эцэст торгох ялаар шийтгүүлсэн байдаг.
Тэгвэл түүний дараа нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга болсон Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нар нь их хэмжээний хөрөнгө завшиж, түүнээсээ олсон “ашгаар” жийп худалдан авах урьдчилгаа төлбөр төлсөн хэрэгт холбогдоод буй. Анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан. Албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан гэх энэ хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.
Ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгөөс хумслагчдыг дурдсаны учир гэвэл Улаанбаатар хотыг тохижуулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрахад зориулах хөрөнгийг дээд, дунд гэлтгүй албан тушаалтнууд нь завшсан хэрэг гарсаар байгааг, төрийн дунд шатанд авлигын эрсдэл их хэвээрээ гэдгийг тодотгох гэснийх.
Ногоон байгууламжаасаа ч өндөр өртөгтэй замын хавтан, хөвөөний засвар хахуулийн нэг хэрэгсэл
Нийслэлийн гудамж, талбай, авто замын хөвөөг 2-3 жил болоод сольдог. Үүний ард замын хавтан, бордюроор бизнес хийдэг, чанаргүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөс завшдаг, түүнийгээ авлигын хэрэгсэл болгодог бүлэглэл бий. Явган болон авто замд суурилуулаад 2-3-хан жилийн дараа “хамуурч” өгөршдөг хавтан, бордюруудыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр сольж ирсэн. Ингэхдээ авто замын хөвөөнд ус зайлуулах нүхгүйг нийлүүлж, түүнийг нь суулгаснаар борооны дараа усанд автаж, тэр хэрээрээ зам эвдэрч хагарах нь их. Замын хавтан, бордюр чанаргүй, орц найрлагад нь хийх ёстой бодисыг зохих ёсоор хийгээгүйгээс болж амархан хагарч, “хамуурдаг” гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсээр ирсэн ч түүнийг нь сонсдог, анхаардаг албан тушаалтан ховор. Тиймдээ ч үеийн үед “бордюрын мафи”-ийнхан үүнийг овжин ашиглаж, төсвийн хөрөнгөөс хумслах, авлигын нэг хэрэгсэл болгосоор ирсэн гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, анхнаасаа тендер зарлахдаа бордюр, замын хавтанд тавих шаардлагад тухайн бүтээгдэхүүний хүйтэнд тэсвэрлэх үзүүлэлтийг шаарддаггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлэх юм билээ. Хэрэв энэ үзүүлэлтийг шаарддаг бол бордюр, хавтан гурван жил биш, 30 жилийн настай байх боломжтой аж. Гэтэл үүнийг шаарддаг мэргэжлийн инженер нийслэлийн Захирагчийн ажлын албанд бараг л байдаггүй гэх. Бас тендер зарлаж, шалгаруулж байгаа байгууллага нь хавтан, бордюрын бетоны бүтцийг шинжлүүлэхийг шаарддаггүй нь “бордюрын мафи”-ийнхныг өөгшүүлсэн үйлдэл гэлтэй.
Түүнээс гадна замын хавтан, бордюроор бизнес хийгчдийн халаасыг зузаатгах, хотын ногоон байгууламжийг цементээр хучих нь авлигачдад их ашигтай юм байна. Учир нь нэг ам метр талбайг чанаргүй хавтангаар хучих нь мод, бут, сөөг тарихаас ч өндөр төлбөртэй аж. Тийм ч учраас нийслэл хотыг тохижуулах чиглэлийн байгууллагынхан бут, сөөг тарьж ургуулахаас илүүтэй чулуун хавтангаар хучих нь амар, төлбөрөө дор нь гаргуулаад авчихна. Энэ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлж, төсвөөс мөнгө авахаас илүү хурдан гэнэ.
Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд нэг ам метр талбайд явган хүний зам тавихад 80-110 мянган төгрөгөөр үнэлдэг байж. Гэтэл нэг ам метр талбайг зүлэгжүүлэхэд 25-28 мянган төгрөг. Үүн дээр нь бут, сөөг нэмж тарьсан бол 10-25 мянган төгрөг л нэмэгддэг. Үүнээс үзэхэд, хотын ногоон байгууламжийг устгаж, чулуун хавтангаар хучих нь “бордюрын мафи”-ийнханд тун чиг ашигтай, 2-3 жил болоод л дахиад шинийг хийж, төсвөөс мөнгө авчихна. Эрхэм уншигч авхай та бодоод үз дээ. Хотын ногоон байгууламжийн оронд 2-3-хан жилийн настай бетон хавтан суурилуулж, төсвийн буюу татвар төлөгч жирийн иргэд бидний улсад тушаасан мөнгөнөөс авах нь “бордюрын мафи”-ийнханд тун чиг ашигтай учраас хээл хахууль өгөөд ч болтугай нийтийн эзэмшлийн аль нэг зам, талбайг “олж авахыг” эрмэлздэг байх нь.
Ийм нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлээд буй юм. Тодруулбал, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ)-ын Үйлчилгээ, шуурхай ажлын албаны дарга Д.Уламсайхан бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан байна. Тус ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга, дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт, ашиглалтыг хариуцдаг. Үүнийхээ хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг буюу бидний нэрлэж заншсанаар Баруун дөрвөн замын урдхан хэсэгт оршдог “Рокмон бьюлдинг” оффис, үйлчилгээний төвийн барилгын гадна талбайн тохижилтын ажлыг 2023 оны хавар, зун хийлгэсэн байдаг. Ингэхдээ тухайн ажлыг хариуцан хийсэн иргэн Д.Алтанбаатараас дээрх албан тушаалтан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдоод буй юм. Энэ мэтээр бордюрыг “хамуурсан” нэрээр солих, чанаргүй хавтан тавьж, ногоон байгууламжаас илүү өртгөөр засварлах нь авлигын эрсдэл үүсгэж байна. Тиймээс өнөө жил хотын удирдлага “бордюрын мафи”-ийнхны энэ мэт зүй бус үйлдлийг таслан зогсоохын тулд байгалийн чулуугаар хийсэн, багадаа 25-30 жилийн эдэлгээ даах хашлага, хөвөөг замд ашиглахаар хичээж буй гэсэн. Гэхдээ энэ ажил мэдээж “бордюрын мафи”-ийнхны эсэргүүцэл, шантааж, элдэв дайралтад ороод гацчихаж ч мэдэх эрсдэлтэй.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын даргаар 2016 оны есдүгээр сарын 14-нөөс 2020 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл ажилласан Б.Бямбадоржид холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон нийслэлийн төсөвт 4.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн яллагдагч юм.
Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайхан ажиллаж байхдаа 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Эрх шилжүүлэх тухай” А/290 дугаартай захирамж гаргаж, Хот тохижилтын газарт “Зам угаах, агаар чийгшүүлэх машин, зам талбайн цэвэрлэгээний бичил машин худалдан авах” тендер зарлах, сонгон шалгаруулалтын эрхийг шилжүүлсэн байдаг. Үүний дагуу Б.Бямбадорж Тендерийн үнэлгээний хороог байгуулж, улмаар Хот тохижилтын газрын ерөнхий инженер С.Батболдтойгоо хамтран уг тендерт Э.Ган-Эрдэнэ захиралтай гадаад худалдаа, машин механизмын засвар үйлчилгээний чиглэлийн “Далу” гэх компанийг шалгаруулсан аж. Өөрөөр хэлбэл, “Далу” компанийн бичиг баримтыг ашиглаад өөрсдөө энэ тендерт оролцсон гэнэ. Улмаар тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй “Далу” ХХК-ийг шалгаруулах үүрэг, чиглэл Үнэлгээний хорооныхондоо өгсөн байна. Ингээд “Хамгийн сайн үнэлэгдсэн” гээд “Далу” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ. Уг бичгийг нь үндэслээд “Зам угаах, агаар чийгшүүлэх машин” нийлүүлэх 1.3, “Зам талбайн цэвэрлэгээний бичил машин” нийлүүлэх 2.9 тэрбум төгрөгийн гэрээг “Далу”-тай байгуулж санхүүжилт болох 4.1 тэрбумыг үе шаттай олгосон байна. Үүнээс нь Хот тохижилтын газрын дарга асан Б.Бямбадорж 853.1 сая төгрөгийн ашиг олсон хэмээн буруутгагдаж буй юм.
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд “Алибаба” цахим худалдааны платформд нэг бүр нь 76-86 сая төгрөгөөр борлуулж буй зам, талбайн цэвэрлэгээний бичил төхөөрөмжийг 142 сая гаруй төгрөгөөр нийслэл худалдан авчээ хэмээн нэг хэсэг дуулиан болж байсан. 20 ширхэг уг “тоос сорогч”-ийг хүлээн авах үеэр Б.Бямбадорж “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод анх удаа орчин үеийн, хотоос тавьж буй шаардлагыг хангасан, олон улсын болон Европын стандартад нийцсэн бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, “Далу” ХХК шалгаран богино хугацаанд нийлүүлж байна. Үүнийг өнөөдөр олон улсад ашиглаж буй. Явган хүний зам, талбай болон гудамжны хог шороог вакум орчинд сорж авах боломжтой. Зам, талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг эрс сайжруулахаас гадна ажлын ачааллыг нь хөнгөвчлөх болно” хэмээж байсан бол “Далу” ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ “Хогийг шүүрдэх, хамах, соруулах, талбайг ус цацаж угаах, чийгшүүлэхээс гадна тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой. Бид бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгч байгаа. Цаашид шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой” гэж байсан юм. Харин өнөөдөр энэ 20 “тоос сорогч”-ийн хэд нь ажилладаг вэ гэдгийг мэдэх хүн цөөн.
Ийнхүү төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, тендерээс ашиг хүртэгч аж ахуйн нэгжийн цаад эзэн нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан, Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж байсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоон, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхэд бэлэн болоод байна. Эл албан тушаалтны хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.