СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-03

Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Өглөөний сонины “Өглөөний зочин”-оор  СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг урьж Нийслэлийн бүсчилсэн хөгжил болон СХД-ийнх нь ажил, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

“20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ"

- Монгол  Улсын  Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж орон нутаг болон  нийслэлийг хэрхэн  бүсчлэн хөгжүүлэх талаар хэлэлцүүлж бүсчилсэн хөгжлийн форум хүртэл  зохион байгуулсан.  Нийслэлийн тухайд та ямар үзэл баримтлалтай байна вэ?

- Мэдээж, миний хувьд бүрэн дэмжиж дүүрэг дээрээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн 30 жилд хот төлөвлөлт, хотын стандарт, эрх зүйн орчин алдагдсанаас нийслэлийн хүн амын тоо 1.7 саяд хүрч хүн таатай амьдрах орчин нөхцөл алдагдан  түгжрэл, агаар, хөрсний  бохирдол,  гал усны гамшиг, эрх зүй, эдийн засгийн олон сөрөг үр дагавар гарах болсон. Тиймээс бодлогын, бүтцийн  эрс өөрчлөлт хийж зөв зохион байгуулалт төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь өнөөгийн хойшлуулшгүй зорилт гэж үзэн  “20 минутын хот” хэмээх концепцийг  боловсруулсан. Энэ концепцийн утга нь нийслэлийг тэлж төвлөрлийг сааруулахын зэрэгцээ одоогийн  дүүргүүдийг задалж алслагдсан  цэгт нь дэд төвүүдийг олноор байгуулж  иргэд  төрийн олон талт үйлчилгээг авахад 20 минутын дотор явж хүрэх хэмжээнд ойртуулахыг хэлээд байгаа юм. Тиймээс дэд бүтцээ эрчимтэй байгуулах, түүнд тулгуурлан жижиг дагуул хотуудыг бий болгосноор иргэд төрийн болон боловсрол, эрүүл мэнд, сургууль цэцэрлэг, банк, хууль, цагдаа, худалдаа үйлчилгээний гэх мэт олон үйлчилгээг заавал хот руу орж авах шаардлагагүй болох юм.  Форумын үеэр иргэд нийслэлийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж олон чухал санал, санаачилгыг өрнүүлснийг онцлох нь зүйтэй байх. Тухайлбал СБД, Чингэлтэй, СХД-ийн нутаг дэвсгэрт  байгуулагдсан дэд төвүүдээр иргэд үйлчлүүлж  заавал хот руу орж төрийн үйлчилгээг авах шаардлагагүй болж эхэлсэн.

- Та СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын орлогч, Засаг даргаар олон жил ажиллаж байна. СХД бол Монгол Улсын нийт хүн амын 11-12 хувь нь, нийслэлийн хүн амын 23,2 хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг. СХД-ийн бүсчилсэн хөгжил  ямар байж болох  талаар ярих уу?

- Өнгөрсөн сард болсон  форумаас гарсан шийдвэрүүд хэрэгжээд эхэлж явж байна. Ерөнхий сайд бүсчилсэн хөгжлийн уулзалтаа  анх Таван шар, Толгойт орчмын иргэдтэй уулзаж санал бодлыг сонсож “20 минутын хот” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх санааг дэвшүүлсэн. Иргэд ч талархан хүлээж авсан.  СХД -т сүүлийн 30- аад жилд  төвийн болон баруун аймгаас шилжин ирэгсэд ихээр төвлөрч суурьшсан, гэр хороолол ихтэй, засаг захиргааны хамгийн том нэгжтэй том дүүрэг. Гэсэн ч  сүүлийн зургаан жилд СХД-т зөөлөн дэд бүтэц сайн хөгжсөн. Тиймээс бүсчилсэн хөгжлийн хүрээндээ тухайлбал Толгойт, Баяннхошуу, Өнөр  гэх мэт дэд төвүүдэд төрийн байгууллагаас гадна  сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёл, үзвэр үйлчилгээ, цагдаагийн байгууллага, худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн байх ёстой. Иргэд энэ дэд төвүүдэд  20 минутын дотор  ирж  бүх төрлийн үйлчилгээг  хангалттай хэмжээнд авчих хэмжээнд  илүү сайн  хөгжүүлье гэсэн зорилготой. Тухайлбал  Баянхошуу, Таван шар дэд төвд  нэг цэгийн үйлчилгээ, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн газар, соёл үйлчилгээ, банк гэх мэт байгууллагууд төвлөрсөн, иргэд ч  үйлчлүүлээд сурчихсан. Мөн  бүсчилсэн хөгжлийн  дараагийн шийдэл нь нь зөөлөн дэд бүтэцдээ тулгуурлаад  гэр хорооллоо  орон сууцжуулах явдал юм. Учир нь Баянхошуу, Толгойт руу дэд бүтэц нь шийдэгдсэн, халуун дулаан ус, цэвэр бохир усны шугамууд нь татагдсан тул барилгажих бүрэн боломжтой болсон. Зарим газарт газар чөлөөлөлт хийгдээд  эхний блок нь  баригдаж эхлээд байна.

- СХД-т сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хэр байна,  Ер нь хэчнээн хороотой вэ? 

- СХД 43 хороотой, 30 нь гэр хороолол, 10 нь орон сууцны, гурван хороо нь орон сууц, гэр хороолол  холимог.  350 мянган хүн амтай. Сүүлийн зургаан жилд  СХД  нийгмийн зөөлөн  дэд  бүтцүүдээ сайн шийдсэн. Цэцэрлэгүүд хангалттай баригдсан. Цэцэрлэгийн нэг анги 20-25 хүүхэдтэй, сургуулиуд ч боломжийн болж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг  2-3  сургууль бий, гэхдээ өргөтгөлүүд, шинэ сургуулиуд ч  баригдаж байгаа болохоор нэг их удалгүй энэ гачаалаас гарах байх.  Сүүлийн  дөрвөн жилд  гурван томоохон эмнэлэг ашиглалтад орсон. Ингэснээр дүүргийн хэмжээнд эмнэлгийн ор  550-600-аар нэмэгдсэн.  Өмнөх жилүүдэд  иргэд сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулаад өгөөч гэдэг байсан бол одоо больсон. Үүнээс үзэхэд хүртээмж сайжирч байгаа гэж болно.

СХД ХӨРСНИЙ БОХИРДЛОО БИЕ ДААН ШИЙДЭЖ БАЙНА

- СХД гэр хороолол хамгийн ихтэй, цаашид ч тэлэхгүй гэх баталгаагүй.  Хөрсний бохирдлын асуудлаа бие даан шийдэж байгаа гэсэн.  Гэхдээ хөрсний бохирдол, нүхэн нойл, яндангийн тоог шийдэх эцсийн гаргалгаа мэдээж орон сууцжуулах?

- Мэдээж  гэр хорооллыг орон сууцжуулж  байж л эцсийн үр дүн гарна.  Үүнийг манай иргэд сайн ойлгож төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй.  СХД-т 2020 оны байдлаар  55 мянган хашааны 52 мянгад нь нүхэн нойл байсан. 2020 оны  орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилт тавьсан.  Үүний хүрээнд  10 мянган нүхэн нойлын лагийг  хөрсөнд нь шингээлгүй соруулдаг  “ЭКО нүхэн нойл”  төслийг хэрэгжүүлж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу одоо төслийн хэрэгжилт 66 хувьтай  бөгөөд ирэх намар гэхэд 100 хувь хэрэгжиж дуусна. Нэг зүйлийг хэлэхэд ЭКО нүхэн нойлтой айлуудын бохирыг  жилдээ 1-2 удаа бодис цацаад соруулдаг тул хөрсөндөө шингэдэггүй, мөн үер усны үед дээш хальдаггүй давуу талтай.

- ЭКО нүхэн нойлын төсөл уг нь давуу талтай юм байна. Бусад  дүүргүүдэд  яаж хэрэгждэг бол?

- СХД  анх удаа хэрэгжүүлж байгаа. Бусад дүүрэгт эхлээгүй  байгаа.

- Баянхошуунд  амьдардаг нэг иргэний  “одоо харанхуйгаас айхаа больсон” гэсэн үгийг сонсч байсан юм байна. Гэрэлтүүлэг, камержуулалт хэр хийгдэж байна вэ?

- 2020 онд гэр хорооллын болон нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг  40 хувьтай байсан. 2024 онд гэрэлтүүлэг 95 хувьд хүрсэн. Одоо 24068 гэрэл асч байгаа. Гэр хорооллыг гэрэлтүүлэг, камертай болгох асуудал миний мөрийн хөтөлбөрт байсан. Иргэдтэй уулзаж явахад  “Бидэнд эрүүл, таатай, аюулгүй орчин л хэрэгтэй” гэж хэлдэг. Энэ ч зөв. Тиймээс иргэдийн эрүүл  аюулгүй зорчих  орц гарц, ногоон байгууламжийг хааж барьсан олон гарааш, хашаа, хайсыг буулгаж  ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, явган зам, дугуйн зам байгуулж гэрэлтүүлэг хангалттай хийсэн. Мөн гэр хорооллын дундах өргөн  замуудыг хатуу хучилттай болгож  магистрал төв замтай холбох ажил хийгдсэн. Гэрэлтүүлэг бол иргэдийн аюулгүй байдлын нэг баталгаа гэдэг. Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд өнөөдрийн байдлаар 362 хяналтын камер ажиллаж байна. Дүүрэгт 2023 оны 12 дугаар сард нэгдүгээр хорооллын 12-оос 18 дугаар хороодын зургаан автобусны буудалд замын хөдөлгөөний нэг дүгээр эгнээг хянах, халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх 12 камер суурилуулсан. Эдгээр камеруудыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төвтэй, 32 дугаар хороо буюу Товчооны зам дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх камерыг дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбож гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байна.

Энэ онд НОНХС хөрөнгөөр 16 дугаар хороонд нийт 22 камер хийгдэхээр гүйцэтгэгч компани шалгарсан. Нийслэлийг ногоон бүс болгох зорилтын хүрээнд СХД-ийн 12, 18, 25 дугаар хороодод сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн хүний дуу, царай таних камер суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХОЁР ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРСНООР ТҮГЖРЭЛ БАГАСНА

- Дүүрэгтээ хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлаасаа ярих уу.  Таны пэйж хуудсыг харахад хороодоороо явж байгаа харагддаг?

- СХД-ийн хамгийн их түгжирдэг, хааяа осол аваар ч гардаг хоёр газарт гүүрэн байгууламж бүхий хоёр нүхэн гарц баригдаж байгаа. Таван шарын презер, Геологийн төв лабораторийн урдах  нүхэн гарцыг гуравдугаар улиралд  ус зайлуулах шугамтай нь багтаан дуусгана. Чадвал эхний хэсгийг нь зургадугаар сард ашиглалтад өгөхийг зорьж байна.  Саяхан 12-р сургуулийн  шинэ барилга  ашиглалтад орлоо. Мөн 5-р хорооны нутаг дэвсгэрт Хүүхэд залуучуудын театрын барилга баригдаж ашиглалтад орлоо. Театр СХД-т баригдах шийдвэр гарч барилгын газар чөлөөлөлт болоход иргэд идэвхтэй дэмжсэнийг онцлох нь зүйтэй болов уу. Мөн Нэгдүгээр хорооллын төвийн болон арын зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын  тохижилтын ажлууд 90 хувьтай байна.  Нийслэлд үерийн эрсдэлтэй 27 газрын 17 нь СХД-т бий. Тиймээс төв  зам дагуу ус зайлуулах шугам хоолойг хийж байгаа гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөж байна.

- СХД-т  хүн ам ихтэй, ажиллах хүчний нөөцтэй гэдэг. Ажлын байр бий болгох, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд юу хийж байна?

-Тийм, орон нутгаас шилжин ирэгсэд олон. Улирлын чанартай түр ажлын байрыг сонирхох, эсвэл уул уурхай, хот хөдөөг хослуулан бизнес эрхлэх нь нилээд бий. Оюутан хүүхдээ бараадаж  өвөлжиж байгаад хавар зундаа хөдөө гарчихдаг бас нэг хэсэг бий. Ажил идэвхийлэн хайж буй иргэд болон бичил бизнес эрхлэгчдийг байнгын ажил орлоготой байлгахад анхаарч  ажилд зуучлах, зээл төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, мэргэжлийн сургалтад суулгаж мэргэжилтэй болгох зэрэг бүхий л боломжоор дэмжиж байна. Тухайлбал НХХЯ, ЖДҮДТ, АХБ-ны төслүүдэд хамруулж   мэргэжлийн  сургалтад  хамруулах, бичил зээл олгох, гарааны бизнесээ эхлэхэд нь  ажлын багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлсний дүнд 2023 онд дүүргийн  720 иргэн гарааны бизнесээ эхлүүлж ажлын байртай болоод байна. Бичил ажлын байруудыг нэмэгдүүлэх зорилгоор  Баянхошуу Инкубатор төвдөө мэргэжлийн сургалт явуулахын зэрэгцээ “Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв”, “Эмэгтэйчүүдийг дэмжих төв” байгуулсан. Өнгөрсөн хугацаанд  бид хүний хөгжлийг орхигдуулснаас зарим ажлын үр дүн  харагдахгүй байсан тал бий. Тиймээс согтуу эрчүүд  эрүүлжихэд  байх ёстой гэх ойлголтыг халахын тулд Инкубатори төвдөө эрчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг, дэмждэг, урамшуулдаг байх менежментийн зохицуулалт хийж байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

- СХД-т байгуулагдсан Монгол-Оросын хамтарсан 162 дугаар  сургуулийн талаар мэдээлэл өгөөч, иргэд их сонирхож  хүүхдээ тэр сургуульд оруулах юмсан гэж байсан?

-Толгойтод энэ жил ашиглалтад орсон шинэ 162 дугаар сургууль нь Төрийн өмчит сургууль юм. Онцлог нь энэ жилийн нэгдүгээр ангийн таван бүлэгт  бүх хичээл  нь орос хэл дээр явж байгаа. Орос багштай. Өнөөдрийн  нэгдүгээр ангийнхан  шаталсан журмаар 12 дугаар  анги төгстлөө  орос  хэл дээр бүх хичээлээ үзнэ. Тэгэхээр жил бүр нэгдүгээр ангидаа ийм элсэлт авна гэсэн үг.  162 дугаар  сургуулийн  нэгдүгээр ангид  СХД-ийн, хамран сургах тойрогт гэр нь харьяалалтай  хүүхдүүд элсэн суралцах юм.  Монгол -Оросын хамтарсан сургууль  гэж буй ч  англи хэлийг давхар үзээд явна. 12 жилийн дараа эхний төгсөгчид орос англи хэлтэй болж төгсөнө гэсэн үг.

- Зүүн салаанд Кембриджийн хөтөлбөртэй 151 дүгээр сургууль гэж бас бий. СХД боловсролын салбартаа нилээд хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна?

-Улсын хэмжээн дэх кембриджийн хөтөлбөртэй дөрвөн  сургуулийн нэг шүү дээ. Өмнө сургалтын янз бүрийн дэмжлэг хөтөлбөрүүдэд хотын төвийн сургуулиуд л хамрагддаг байсан бол одоо хотын захын, ялангуяа гэр хорооллын тойргийн сургуулиуд хамрагддаг болсон нь үнэхээр бахархмаар. Боловсролын салбарыг дэмжиж  СХД-т  дорвитой хөрөнгө оруулалт хийсэн  УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, НИТХ-ын тэргүүлэгч Д.Сумьяабазар болон БШУЯ-ныханд дүүргийнхээ иргэдийн өмнөөс баярлалаа гэж хэлье.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.