СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2024-04-16

“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк байршуулах, түгээхийг хориглосон заалт хэрэгжиж эхэлсэн. Хэд хэдэн судалгааны дүнгээс харвал энэ нь тийм зөв шийдэл биш байна. Учир нь цахим орчин дахь мэдээний эргэлт багассанаар мэдээллийн үнэн зөв байдал болон иргэдийн хандлага өөрчлөгдөж эхэлжээ.

Улс төрийн мэдээ илүүтэй наргианы шинжтэйгээр тархах болсон байна. Энэ талаар Канадын “Ontario Proud” гэх наргиа нийтэлдэг цахим хуудасны хөгжүүлэгч Жефф Баллингалл “Фейсбүүк мэдээний линкийг хориглож хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим орчныг ашиглах хүндрэлтэй нөхцөл үүссэн. Мэдээж бидний хувьд дагагчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ бол гал гарсан үйлдэл. Бид улс төрийн мэдээллийг наргианд оруулж хүмүүст амархан хүргэх байдлаас нь анхаардаг. Өөрөөр хэлбэл зөвхөн линк байршуулахыг хориглолоо гээд сэтгүүлзүйн салбар зогсохгүй. Хэвлэл мэдээллүүд илүүтэй орон зайгаа тэлж, хүмүүст өөр байдлаар хүрч чадах болсон” гэжээ.

Түүний үзэж буйгаар нөхцөл байдлыг давуу тал болгох боломжтой юм.

Харин нийгмийн судалгаануудаас харахад олон нийтийн итгэл үнэмшил суларч байгаа аж.

Канадын “МакГилл” их сургуулийн Хэвлэл мэдээлэл, технологи, ардчиллын төвийн үүсгэн байгуулагч Тейлор Оуэн “Цахим орчинд мэдээний линк байршуулахыг хориглосон нь буруу шийдвэр. Учир нь энэхүү хориглолоос үүдэн мэдээний эргэлт багасаж, хомсдох байдал ажиглагдаж байна. Түүнчлэн олон нийтийн сүлжээн дэх сэтгүүл зүйн чиг баримжаа, мэдээллийн үнэн, ил тод байдал нь алга болж байна. Одоо нийтээрээ зөвхөн наргиа эх сурвалж тодорхойгүй, эргэлзээтэй мэдээлэл авах болсон” гэлээ.

Дийлэнх судлаачид түүний хэлсэнтэй ижил байр суурьтай байгаа юм. Учир нь хэт их давамгайлж буй иргэдийн санаа бодол, тодорхойгүй контентууд нь улстөрчийн чиг үүргийг хэлэлцэх дүгнэх, эргэцүүлэхэд саад болж болзошгүй ба энэ байдал нь сонгуулийн жилүүдэд илүүтэй хор нөлөө ихтэй ажээ.

Нөхцөл байдал ийн өрнөж байгаа ч АНУ-ын Калифорниа муж болон Англи улсууд мөн цахим орчин дахь мэдээний контентуудыг төлбөржүүлэх үүнийг хууль тогтоомжийн дагуу албадан шаардах тухай асуудлаар хэлэлцэж байна.

Ази тивийн орнуудаас Индонез улс энэ төрлийн ижил төстэй хуулийг санаачилжээ. Канад улсад Фейсбүүк дээрх аль нэг мэдээний линк нь “Канадын засгийн газрын хууль тогтоомжийн дагуу тус мэдээг хуваалцах боломжгүй” гэсэн анхааруулга бүхий байдлаар харагдах юм. Энэхүү хориг арга хэмжээ авахаас өмнө цахим орчинд нийтлэгдсэн мэдээ өдөрт дунджаар 5-8 сая хандалт тогтмол авдаг байсан хэмээн Торонтогийн их сургуулийн Хэвлэл мэдээллийн экосистемийн ажиглалтын хүрээлэнгээс мэдээлэв.

Хэдийгээр мэдээний линкийг хориглосон ч улстөр судлаач, тоймч, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн цахим хаяг хэвийн.

Харин Метагийн хэвлэлийн төлөөлөгч хүмүүс мэдээ байхгүй ч фейсбүүкийг сонгодог гэсэн юм. Тэрээр “Хүмүүс Фейсбүүк цахим платформоос олон найдвартай эх сурвалжуудаас мэдээлэл авах боломж бүрэн бий. Түүнчлэн бид баримт шалгагчаар дамжуулан олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл түгэхээс сэргийлэх боломжтой” гэжээ.

Нью-Йоркт төвтэй “NewsGuard” компанийн гаргасан судалгаагаар “Найдваргүй” хэмээн ангилсан эх сурвалжуудын хандалт эрс өссөн байна. Тодруулбал мэдээний линкийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлснээс 90 хоногийн дотор 2.2 хувийн үзүүлэлттэй байсан дээрх эх сурвалжуудын хандалт 6.9 хувьд хүрчээ.

“NewsGuard” компанийн гүйцэтгэх захирал Кровиц судалгааны дүнд маш сэтгэл эмзэг байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Найдваргүй эх сурвалжийн хандалт огцом өсөх нь тийм ч сайн зүйл биш. Мэдээж үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүний нэг нь бол хиймэл оюун ухаанаар үүсгэсэн олон тооны мэдээллийн сайтууд. Хуурамч болон эх сурвалж тодорхойгүй мэдээлэл нийтэлж, аудио бичлэг, зураг ихсэх болсон. Улс орнууд үүнийг зориудаар сонгуульд нөлөөлөхийн тулд ашиглах эрсдэл өндөр байна” гэсэн юм.

Канадын өвийн сайд Паскале Ст-Онге дээрх асуудлаар илгээсэн цахим шуудандаа “Энэ бол дан ганц улс төрийн мэдээлэлд бус байгалийн онц ноцтой нөхцөл байдлын үед ташаа мэдээлэл түгээх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлсэн маш харамсалтай бодлогогүй сонголт” гэжээ.

Хэдийгээр Мета компани мэдээллийн үнэн зөв эсэхэд баталгаа өгөхгүй ч дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй томоохон платформ мөн. Олон тооны хэрэглэгч шууд бус замаар Фейсбүүкээс өдөр тутмын мэдээлэл авдаг гэдгийг хэд хэдэн судалгаа харуулаад байна.

Насантуяа ЖАРГАЛМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.