СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-16

Маргааш буюу хаврын дунд сарын шинийн 8-нд Жанрайсаг бурхны их тахилга болно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Маргааш /2024.03.17/ хаврын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд жилдээ нэг удаа болдог "Маанийн чого" хурна. 

"Маанийн чого" нь нас буян арвижуулах болон хойтын буянд зориулан айлдуулдаг Жанрайсаг бурхны их тахилга аж.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржтай Гандан телевизийн сэтгүүлчийн хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

-УДАХГҮЙ МОНГОЛ ОРОНД МААНЬ ГАНЖУУРВАГИЙН ИХ БАГШТАН, ДЭЭДЭС ДОГДАН РИНБҮЧИ МОРИЛОХ ГЭЖ БАЙГААТАЙ УЯЛДУУЛАН “ГАНЖУУРЫН ЛҮН”-ГИЙН ТАЛААР ТАЙЛБАР ӨГНӨ ҮҮ?

-Бурхан багш бээр хамаг амьтны тусын тулд олон хатуужил бэрхшээлийг даван туулж төгс гэгээрлийг олсноор 84000 номын цогцыг айлдсан байдаг.

Бурхан багшийг сэрүүн ахуйд шавь нар нь айлдсан ном бүгдийг нь шууд тогтоох чадамжтай байсан бөгөөд Бурхан багшийг таалал болох зохиолыг үзүүлсний дараагаар ойрын шадар шавь Ананда Бурхан багшийн айлдвар бүгдийг үсгэнд буулгах их хэргийг өрнүүлсний үр дүнд нь эдүгээ бидний эрхэмлэн дээдэлж ирсэн “108 боть бүхий Ганжуур их хөлгөн судрууд” өдийг хүртэл өвлөгдөн, эдүгээ цагт ч Бурхан багшийн сургаалыг судлах боломж бүрдсэн байдаг.

Ганжуур их хөлгөн судар нь 84000 цогц ном бүхий олон бүлгүүдээс бүрддэг.

Эдгээрээс дурдвал явдал мөр ёс суртахууныг үр дагаврын тухайд айлдсан нэг бүлэг, лам хувраг хүмүүний сахил санваарын тухайд айлдсан нэг бүлэг, оюунаа судлан гэгээрэлд хүрэх үе шатын тухай айлдсан Дандрын аймгийн нэг бүлэг, гаднын барцад саад хийгээд хийморь лундаа доройтох үед номын хүчээр эерүүлэх боломжтой засал гүрмийн нэг бүлэг, хүмүүн бээр хэрхэн зовлонгоос ангижрахын тухайтад айлдсан Билиг барамидын бүлэг зэрэг юм.

-ГАНЖУУР СУДРЫН ЭШ ЛҮНГ ХҮРТЭХ ЯАГААД ЧУХАЛ ЮМ БЭ?

-Эш лүнг хүртэнэ гэдэг нь адис жанлавын дамжлага хүртэх гэсэн утгатай үйл явц юм. Бурхан багшийн сургаал бүгдийг судлах эрх хүн бүрд нээлттэй боловч эрдэм олж, шид увдисыг төрүүлэхийн тухайд ялгаа байдаг учраас багшаас шавьд уламжлагддаг энэхүү эш дамжлагыг хүртэхийн тухайд дээдэс мэргэд машид их шамдсаар иржээ.

Ялангуяа хүн бурханы номыг үзэж судлаад бясалган дадуулах шатандаа хүрэх үест олон нарийн бясалгалын аргачлалыг айлдсан “Дандрын аймаг” хэмээх бүлгийн зөвшөөрөл эш лүнг хүртээгүй үест үзэж судаллаа ч эрдэм төрөхгүй байх бэрхшээлүүд гардаг. Харин эш лүнг нь хүртээд судалбал эрдмийг хурдан олох ач тустай.

Эрдэмд мэргэжихийн тулд Монгол лам нар маань Ганжуурын эш лүнг хүртэх гэж олон сар жилээр хүнд хэцүү бэрхшээлтэй замыг туулдаг байсан бол эдүгээ бидний өвөг дээдсийн ач болон энэ цагийн үеийн олон хүмүүсийн буянаар Ганжуурва багштан өөрөө заларч энэхүү гайхамшигт номын авшгийг хүртээж буй нь нэг талаараа маш азтай ч нөгөө талаараа бидний зүгээс үнэ цэнийг нь ухамсарлахгүй болохоор шамдал гаргахгүй байх сул тал бий юм.

Нийт сүсэгтэн олонд хандаж хэлэхэд олон ботиор 3 жил дараалан айлдаж буй энэхүү үест таслахгүйгээр үргэлжлүүлэн лүнгээ хүртвэл ач тус нь бүрэн байх цаглашгүй их эрдэмтэй байх юм шүү хэмээн уламжилъя.
Хэдий сэтгэл байвч цаг хугацааны хувьд амжихгүй байвал ядаж нэг ботийг эс бөгөөс нэг өдөр, эс бөгөөс нэг хормын төдий сонсоод авахын ач тус цаглашгүй юм.

Учир нь гэгээрэлд зорьж буй бодгаль бээр хутгийг олох үестээ өмнө нь сонсож байсан лүнгийн хүчээр сэтгэлд нь номын эрдэм машид түргэнээ төрдөг бол хэрэв лүн сонсож байгаагүй бол эрдэм төрөх нь эш дамжлага хүртсэн хүнээс дутмаг төрдөг хэмээдэг байна.

Дугандаа ороод мөргөл хийгээд гарах төдий сонсоход ч ирээдүйд гарах үр дүн нь ийм их хэмжээлшгүй байхад та бүхэн энэхүү ганжуурын лүн үргэлжлэх үест хичээл зүтгэл гаргаж буян их хураагаасай хэмээн уриалж байна.

-СҮСЭГТЭН ОЛОНДОО ХАНДАЖ ГАНЖУУРЫН ЛҮНГ ХҮРТСЭНИЙ АЧ ТУСЫН ТАЛААР АЙЛДАНА УУ?

-Яг хувь хүн дээр авч үзвэл маш их эерэг өөрчлөлт гарах боломжтой юм. Тухайлбал лүнг сонсох төдий тэрхүү сонсогдож буй судрын энерги чихээр дамжин хүний сэтгэлд оршдог бөгөөд ийнхүү сэтгэлд бууснаар тухайн хүн жаахан цөвтэй явсан ч юм уу эс бөгөөс завсрын таагүй нөлөөлөлд өртөж эхэлж байсан бол тэдгээр нь арилах, мөн бусдын хэл ам, муу зүйлсийн нөлөөлөл буурах цаашлаад бүр арилах зэрэг ач тус байдаг.

Хүн өөрт нь муу сэтгэл үүсээд байгаагаа мэдэж байвч тэрхүү муу сэтгэлтэйгээ тэмцэж дарж чадахгүй байгаа үест багш дээдэс болон хуран цугласан лам, сүсэгтнүүдийн нийтийн буяны хүчээр нөлөөг нь багасах зэрэг эерэг өөрчлөлт гарах юм. Хувь хүнд ийнхүү нөлөөлөл үзүүлж байхад цаашлаад тухайн хүний харилцах нийгэмд хүртэл эергээр нөлөөлж чадах ийм ач тустай.

-ГАНЖУУРЫН ЛҮНГ ЯАГААД ИНГЭЖ УДААН ҮРГЭЛЖИЛДЭГ ТАЛААР ТА ТАЙЛБАР ХЭЛНЭ ҮҮ?

-Ганжуурын 108 боть байдгаас нэг боть нь гэхэд 400 орчим хуудастай. Тэгэхээр Ганжуурва багш лүнгийн үед тус ботиудын үг бүрийг унших тул энэ мэт хугацаанд шаардагдаж байгаа хэмээн ойлгоорой.

Нөгөө талаасаа Монголд цаг үеийн эрхээр тасарсан байсан Бурхан багшийн сургаал бүгдийн эмхэтгэл ганжуурын лүнг бүрнээр нь унших шаардлага байгаа тул нэг айлдахдаа олон цагаар ийнхүү урт хугацаанд үргэлжилж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
139.5.216.180

Багш дор мөргөмү

Чимэдцэрэн Отгонбаяр
1 сарын өмнө
66.181.161.84

Хурай хурай хурай Багш дор мөргөмүү

Зочин
1 сарын өмнө
94.30.144.44

Дээдийн номын хурыг сав шимийн зургаан зүйлийн амьтдын хамт даган баясая

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.